Бюро 24/7 тойм: Chanel, resort 2018

Грек маягийн амралт

Карл Лагерфельд Chanel брэндийн загварын шоуг Сөүл, Гавана, Дубай зэрэг дэлхийн өнцөг бүрийн томоохон хотуудад зохион байгуулж байсан туршлагатай. Харин энэ удаад дизайнер Парис руу эргэн очихоор шийдэж, эртний Грекийн сэдэвтэй шинэлэг цуглуулга танилцууллаа. Цуглуулгын Афин хотын уур амьсгалыг загварын шоунд шингээх зорилгоор Карл арга хэмжээг Grand Palais ордон дахь Courbe галерейд зохион байгуулжээ. Энэхүү галерейд эртний Грекийн Ники Бурхны толгойгүй хөшөө байршдагаараа онцлог юм.

Эллиний үеийн уламжлалт хувцсыг санагдуулам сул ба намирсан эсгүүртэй даашинзууд, алтлаг оруулгатай ханцуйнууд, гладиатор маягийн сандаал, алтлаг бүс зэрэг нь Chanel ордны танигдахуйц хэв маягтай уусаж, тун сонирхолтой шийдлүүд бий болгожээ. Лагерфельд энэ удаагийн цуглуулгадаа жижиг деталиудад өндөр ач холбогдол өгснөөр загваруудыг яг л урлагийн бүтээл мэт маш чамин дизайнтай урласан байлаа. Тэр энгийн товчны оронд эртний зоос суулгаж, толгойн чимэглэлийг үнэт чулуугаар бүрхэж, загвар өмсөгчдийг алтан навч бүхий унжлагатай хүзүүний зүүлтээр гоёлоо.

Buro.Mongolia

2017-05-05, 09:00