Бюро 24/7 тойм: Christian Dior Haute Couture, хавар-зун 2019

"Мөрөөдлийн Парад"

Christian Dior ордон 2019 оны хавар-зуны кутюр цуглуулгаа Парисын Родены музейд танилцууллаа. Загварын шоунд зориулан Родены музейн цэцэрлэгт хүрээлэнд шар, цагаан өнгийн судал бүхий циркийн асар босгосон нь Мария Грация Кьюри энэ удаагийн цуглуулгыг урлахдаа юунаас бүтээлч сэдэл авсан болохыг илтгэж байлаа.

Үлгэрийн мэт циркийн уур амьсгал нь Пабло Пикассо, Жан Кокто зэрэг олон суут авьяастанд бүтээлийн урам зориг өгсөн байдаг. Christian Dior загварын ордны хувьд ч гэсэн 1950 онд "Dior 'Circus' Comes To Town" нэртэй богино хэмжээний кино бүтээсэн, 1955 онд гэрэл зурагчин Ричард Аведонтой хамтран Францын алдарт өвлийн циркт зураг авалт хийсэн гээд нэг бус удаа циркийн урлагтай холбогдож байсан түүхтэй. Харин орчин цагт брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри шинэ кутюр цуглуулгаа урлахдаа циркийн урлагийн нэн чухал хэсэг болох алиалагчаас санаа аван ажиллажээ.

Шоуг Лондонгийн Mimbre театрын акробатчид сонирхолтой үзүүлбэрээр нээж, шоуны турш огт тэнцвэрээ алдалгүй бие бие дээрээ давхарлан эрсдэлтэй үзүүлбэрүүдийг үзүүлж байлаа. Харин шинэ загваруудыг танилцуулах моделиуд алиалагчийн дүрд хувиран тэдний хажуугаар алхлаа.

"Мөрөөдлийн Парад" хэмээн нэрлэсэн энэхүү цуглуулгад зүүд мөрөөдлийн гэмээр гялалзсан чимэглэлтэй нэвт гэрэлтэх торон даашинз, алтлаг өнгийн хатгамал бүхий хослол, өнгө өнгийн атлас материалаар чимэглэсэн даашинз ба хослол, өргөн мөртэй богино даашинз болон брэндийн бэлгэ тэмдэг болсон "бар" загварын хүрэм, Мария Грация Кьюригийн үндсэн хэв маяг болсон нарийн мөртэй дөрвөлжин энгэртэй даашинзны илүү сүрлэг хувилбарууд багтжээ.

Үндсэн элементүүд: Нимгэн торон материал, дэрвэгэр юбка, хатгамал, корсет, эрвээхий зангилаа, гялалзсан чимэглэл, өргөн мөр, алиалагчийн өмсгөлийг санагдуулам дэрвэгэр зах

Үндсэн өнгөнүүд: Хар ба цагаан өнгийн хослол, улаан, алтан шаргал, цагаан, саарал

Стилистик аргачлалууд: Нэг өнгөөр дагнах, өмд пиджакны хослол, шорт болон пиджакны хослол, сорочка дээр корсет зүүх

Аксесуар: Хагас түрийтэй гутал, дуулга мэт харагдах малгай

Нүүр будалт ба үс засалт: Алиалагч мэт будсан нүд

 

Buro.Mongolia

2019-01-22, 17:18