Бюро 24/7 тойм: Delpozo, resort 2018

Загвар ба архитектурын гайхамшигт нэгдэл

Жозеф Фонт бол архитектор мэргэжилтэй хувцасны дизайнер юм. Тиймээс ч түүний цуглуулгууд ихэвчлэн уран баримал, уран зураг, хөшөө болон бусад урлагийн ертөнцийн ишлэлүүдээр баялаг байдаг. Харин энэ удаад Жозеф аяллын улирлын шинэ цуглуулга бүтээх явцдаа байгалийн гоо үзэсгэлэнгээс урам авч ажиллажээ. Тэрээр тухайлбал Австрали дахь зөөлөн ягаан өнгийн устай Хиллиер нуур болон Лансароте арал дээрх Кликос ногоон нуурыг хувцасны элемент болгон хувиргасан байна. Ягаан, ногоон өнгөнүүдээр дизайнер нарийн эсгүүртэй даашинз, топ ба аксесуар урлажээ. Жозеф Фонтод бүтээлч санаа өгсөн бас нэгэн эх үүсвэр бол бүжигчин Лои Фуллер юм. Чөлөөт бүжгийн жанрыг анх сэдэж олсон энэхүү бүжигчин нь хөдөлгөөн хийхэд намирах зориулалттай, өнгөний эффекттэй тусгай хувцас өмсдөг байснаараа алдартай билээ. Түүний тайзны хувцасны зарим деталиудыг Delpozo брэндийн аяллын цуглуулгаас олох боломжтой байлаа.

Buro.Mongolia

2017-06-16, 09:00