Бюро 24/7 тойм: Gucci, намар-өвөл 2017

Эртний дорно ба рококо стиль

Дизайнер Алессандро Микеле 2015 онд Gucci-гийн бүтээлч захирлаар томилогдсон цагаас хойш өнөөдрийг хүртэл загварын ордонг шинэчлэх зорилгоор шаргуу ажиллаж байна. Тэр брэндийн эмэгтэйлэг эсгүүр ба тансаг хэв маяг гэх таних тэмдэг болсон уламжлалт элементүүдийг авч үлдэхийн зэрэгцээ цоо шинэ ертөнц бий болгохыг хүссэн юм. Тиймээс Микелегийн хамгийн анхны цуглуулгаас эхлэн Gucci илүү зоригтой болж, олон давхар хувцас, анхаарал татам хээ ба тод өнгөтэй туршилт хийж байна.

Төрөл бүрийн цаг үеийн соёлыг хооронд нь хослуулж, эртний уур амьсгалтай "хүнд" маягийн тансаг загварууд урладаг Алессандро Микеле энэ улиралд ч бас өөртөө үнэнч үлдлээ. Миланы загварын долоо хоногийн хүрээнд намрын цуглуулгаа танилцуулсан тэрбээр 1970-аад он, Эртний Дорно дахин, дэлхийн I дайны өмнөх үеийн европчуудын өмсгөл ба рококо стилиэс бүтээлч санаа авч ажилласан нь шинэ загваруудаас илт харагдаж байлаа. Хувцаснууд атлас, торго, хоргой гэх зэрэг маш үнэтэй материалуудаар хийгдэж, харин хээнүүд Голландын натюрмортыг санагдуулам цэцэгс ба хорхой шавьжны дүрстэй байлаа. Загварын шоунд хүрэлцэн ирсэн хүн бүр Алессандро Микелег тэдний өмнө бүхэл бүтэн түүхэн үзүүлбэр дэлгэсэн хэмээн шуугиж байна. Загвар өмсөгчдийн алхсан футуристик маягийн шилэн орчин хүн бүрийг гайхшруулж чадсан бололтой шүү.

Үндсэн элементүүд: Брюк өмдтэй хослол, эрвээхий зангилаатай коовт, урт юбка ба газар шүргэсэн даашинз, том хэмжээтэй нөмрөг ба үдшийн даашинз

Үс засалт ба нүүр будалт: Эртний үеийн үс засалт, хөнгөн маягийн nude нүүр будалт, цөөн удаа үзэгдэх улаан уруулын будаг

Үндсэн өнгөнүүд: Тайван улаан, цэнхэр, цайвар ягаан, тод өнгийн цэцгэн хээ, хар

Стилистик аргачлал: Олон цаг үеийн хосолсон хэв маяг, гоёл чимэглэл ба хээ угалзаар баялаг загварууд, төрөл бүрийн материал нэг хувцсанд хосолсон аргачлал

Аксесуар: Өргөн хүрээтэй шляп малгай, тод өнгийн хүрээтэй нүдний шил, бээлий, бөгж, үсний тууз, дорнын хэв маягтай шүхэр, чокер хэлбэрийн хүзүүний зүүлт, бугуйвч

Бүтээлч санааны эх үүсвэр: 1970-аад оны эрэгтэй хослол, Ив Сен-Лорены Russian Ballet and Opera цуглуулга, Ёсифудзи Утагавагийн Бакэнэко муур, XVIII зууны үеийн гутал

Buro.Mongolia

2017-02-23, 10:00

  • Зураг: