Michel & Amazonka, долоодугаар сарын цуглуулга

Хөгжмийн фестивальд зориулсан загварууд

Рок одын дүр төрх бүх цаг үед бусдыг увидасдсаар ирсэн. Гялалзсан чимэглэлтэй бомбер хүрэм, төмөр хаваастай скинни хар өмд, "Mongolia" бичигтэй хар футболка өмссөн бага зэрэг хайхрамжгүй үс засалттай тэр нэгэн бол Michel & Amazonka брэндийн шинэ бүсгүй юм. Дизайнерууд энэ удаагийн цуглуулга дээр ажиллахдаа өөрсдийн амьд хөгжмийн сонирхлоо загварууддаа уусган шингээж, урьд өмнөхөөс илүүтэйгээр урлагийн ертөнцтэй холбогджээ. "Амьд хөгжмийн хамтлагийн гоцлол дуучин" хэмээн тэрээр шинэ цуглуулгынхаа гол дүрийг тодотгосон юм. Michel & Amazonka үргэлж маш эмэгтэйлэг, шик байсан. Харин одоо рок-н-ролл аяс нэмэгдлээ.

Эрх чөлөө, зугаа цэнгэл, мөн мэдээж хэрэг эх оронч сэтгэлгээ мэдрэгдэх энэ цуглуулгыг Super Kawaii хэмээн нэрлэсэн. Энэ нь хөөрхөн буюу хамгийн дотно, сайн найзыгаа дууддаг ярианы үг юм. Цуглуулга цөөн тоогоор худалдаанд гарах бөгөөд өмнөх удаад залуус, бүсгүйчүүд дунд тренд болсон БНМАУ футболканы оронд MONGOLIA бичигтэй уламжлалт ба рок шийдэлтэй футболка танилцуулагдсан байгаа.

Гялалзсан саа, тод өнгөнүүд, цацган чимэглэл, арьсан материал гээд энэ бүгд нь өөрийн эрхгүй хөгжмийн фестиваль санагдуулна. Өнөөдөр эхэлж буй Playtime наадам дээр Michel & Amazonka-гийн шинэ загварууд нэг бус удаа үзэгдэх нь гарцаагүй.

 

 

 

 

Ө.Тодгэрэл

2018-07-06, 12:00