Хайх

Michel & Amazonka брэнд Узбекистан улсын загварын долоо хоногт амжилттай оролцлоо

Michel & Amazonka брэнд Узбекистан улсын загварын долоо хоногт амжилттай оролцлоо

Visa Fashion Week Tashkent 2027 оны хавар-зуны загварын долоо хоногт

Text: Ж.Булган


Узбекистан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдсан Visa Fashion Week Tashkent загварын долоо хоногийн хүрээнд Төв Азийн орнуудын дизайнерууд өөрсдийн бүтээлийг толилуулахаас гадна Итали, Гүрж, Армени, Либанон зэрэг улсуудын дизайнерууд оролцсоноороо тус улсын хувьд онцлог жил боллоо. Энэ удаагийн загварын долоо хоног нь "Parallels" сэдвийн дор зохион байгуулагдаж, бодит байдал болон дижитал ертөнц, тэдгээрийн уялдаа, хүний хүлээж авах мэдрэмж, харилцан хамаарлыг хөндсөн бөгөөд хувцас загварын хэлнээ энэхүү сэдэв хэрхэн бууж байгааг олон улсын дизайнерууд бүтээлүүдээрээ харууллаа.

“Узбекистаны загварын долоо хоногт оролцсондоо сэтгэл хангалуун байна, тайз засал, зохион байгуулагч орны баг хамт олон мэргэжлийн түвшинд бидэнтэй хамтарч ажиллаа. Цаашид оролцох урилга дахин авбал монголынхоо загвар өмсөгчид болон медиа багийнхантайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцох сонирхол дүүрэн байна” хэмээн брэндийн үүсгэн байгуулагчдын нэг Amazonka бидэнтэй хуваалцсан юм.

Michel & Amazonka брэнд загварын долоо хонгийн үеэрх танилцуулсан цуглуулгаа MOOD хэмээн нэрлэсэн бөгөөд уран бүтээлч, урлаач хүн тухайн цаг мөчид ямар сэтгэгдэлтэй байна, зүрх сэтгэлээс гарах долгисол хэр үелзэлтэй байдгаас шалтгаалан бүтээлийн өнгө төрх хэлбэрээ олдог тухай өгүүлжээ. Цуглуулга нийт 31 загваруудаас бүрдэх ба Монгол үндэсний хувцасны уламжлалт хэв маягийг орчин үеийн европ эсгүүрийн техниктэй хольж, үслэг оруулга, монгол хээ угалзаар баяжуулжээ.

Брэндийн үүсгэн байгуулагч Michel: “Узбекистан улс ОХУ-аас тусгаар тогтнолоо зарласны 35 жилийн ой тохиож буй энэ цаг үед Ташкент хотноо зохион байгуулагдсан Visa Fashion Week Tashkent нь бүс нутгийн соёл, өв уламжлал, орчин үеийн хувцас загварын хөгжлийг олон улсын тавцанд таниулах чухал арга хэмжээ боллоо. Тус улсын тайзнаа загвараа танилцуулах сайхан байлаа, үнэхээр сайн зохион байгууллаа.”

Тус брэндийн олон улсын зах зээлд хүрээгээ тэлэх, Монголын загварын урлагийг таниулах зорилгын хүрээнд Узбекистан улс Michel & Amazonka-гийн Төв Азид загвараа танилцуулсан анхны улс биш юм. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард Казахстан улсын загварын долоо хоногт өөрсдийн коллекцоо амжилттай танилцуулсан бөгөөд ийнхүү Төв Азийн бүс нутагт өөрийн байр сууриа үе шаттайгаар тэлж байгааг цохон дурдах нь зүйтэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх