Бюро 24/7 тойм: Chanel, Métiers d'Art 2018/19 цуглуулга

Chanel загварын ордон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Metiers D'Art загварын шоугаа Нью-Йорк хотын Метрополитен музейд зохион байгууллаа. Тэр дундаа Метрополитен музейн онцлох үзмэрүүдийн нэг болох эртний Египетийн Дендурийн сүмийн дэргэд зохиогдсон нь шоуны уур амьсгалыг тодорхойлж, цуглуулгын сэдвийг илтгэж байв.

Дашрамд дурдахад, Metiers D'Art цуглуулгыг бүтээхдээ Chanel ордон гар урлалын мэргэжилтнүүдтэй хамтардаг бөгөөд ингэхдээ тусгай материал ба эд хэсгүүд ашиглан нэг ёсны кутюр загварууд бий болгодог юм. Цуглуулгыг бүтээх ажилд тус тусын онцгой үүрэг бүхий 12 урлангууд оролцдог байгаа. Тухайлбал энэ удаагийн цуглуулгын хүрээнд Lemarié урланд өдөн чимэглэл, цэцгэн элемент зэргийг бүтээсэн бол, Lesage урланд твид материал ба хатгамал, харин гутлыг Massaro урланд үйлдвэрлэжээ. Хамгийн анхны Metiers D'Art шоу 2002 оны арванхоёрдугаар сард Парист зохиогдсон ба тэр цагаас хойш жил бүр, дэлхийн өнцөг булан бүрт зохиогдсоор ирсэн билээ.

Дээр дурдсанчлан энэ жилийн Metiers D'Art цуглуулга эртний Египетийн өв соёл, түүхээс сэдэвлэгджээ. Алтлаг өнгө, пирамид хэлбэрийн гар цүнх, фараонуудыг санагдуулам тансаг чимэглэл зэрэг нь твид хүрэм, завьчны малгай, хослол гээд Chanel-ийн алдарт загваруудад тусгалаа олсон байлаа.

Үндсэн элементүүд: Эртний Египетийн өв соёл, уран зураг, хээ угалз, твид материал, намирсан даашинз, жийнсэн материал, винил материал, алтан шаргал чимэглэл

Үндсэн өнгөнүүд: Алтлаг өнгө, хөх, шар, бор, хар, beige өнгө

Стилистик аргачлал: Олон давхарлах аргачлал, олон аксесуар нэг дор зүүх, бэлхүүс тодотгосон бүс зүүх

Аксесуар: Завьчны малгай, нүсэр хүзүүний зүүлт, алтлаг өнгийн гутал, гар цүнх, бүс, ээмэг, бугуйвч

Үс засалт ба нүүр будалт: Клеопатраг санагдуулам будалт, өө сэвгүй самнасан үс

 

 

Buro.Mongolia

2018-12-07, 14:01