Christian Dior брэндийн кутюр цуглуулга дахь хар өнгийн ноёрхол

Hамар-өвөл 2019

Парис хотод Dior брэндийн кутюр цуглуулгын загварын шоу болж өнгөрлөө. Шоуны тайз заслыг хийхдээ брэндийн хамт олон ээлжит удаагаа феминист уран зураач Пенни Слингертэй хамтарч үзэгчдийг өөр ертөнцөд аваачин дахин алмайруулж чадлаа. Пенни брэндийн бутик дотор аварга том мод суурилуулж танхимын шал, хана ба таазыг бүхэлд нь хар-саарал өнгийн хээтэй уран зураглалаар бүрхэж, зарим хэсгүүдийг эмэгтэй хүний зүс царайгаар чимсэн байсан юм. Энэхүү тайз заслыг гүйцэтгэхэд нийт гурван долоо хоног шаардагджээ.

Харин цуглуулгын хувьд Мария Грация Кьюри 1984 оны Les Dites Cariatides киноноос бүтээлч санаагаа авсан тул хуниралдан намирах зарим загварууд Эртний Грекийг санагдуулах болно. Тэр дундаас олны анхаарлыг хамгийн ихээр татсан загваруудаар шоуг нээсэн төрх буюу Бернард Рудофскигийн эссегээр нэрлэгдсэн "Are clothes modern?" футболка болон шоуг хаасан сүүлийн төрх буюу Монтень өргө чөлөөнд байрших Dior-ийн бутикийн хэлбэртэй өмсгөл тодорлоо.

Buro.Mongolia

2019-07-02, 12:00