Жендэрийн хэвшмэл үзэлд баригддаггүй Dior-ын загварлаг эрчүүд

Ким Жонс эрчүүдэд зориулсан кутюр детальтай загваруудаа танилцуулан орчин үед эрэгтэйлэг байдал гэж юу болохыг эргэцүүллээ

Намар-өвөл 2020 улирлын эрэгтэй загварын долоо хоног эхэлснээс хойш Лондон, Милан, Парис зэрэг томоохон нийслэлүүдэд дизайнерууд нэг л зүйлийг ахин дахин онцолсоор байна. Тэр нь хүйсийн хамааралгүй загвар юм. Эрэгтэй хүн хар бараан өнгөөр, нэгэн хэвийн баригдмал байдлаар хувцаслах ёстой гэсэн ойлголт аль хэдийнэ хоцрогдсон төдийгүй эмэгтэй, эрэгтэй хувцас хоорондоо бараг л ялгаагүй болж байна. Мэдээж загварын тайзнаа ноёрхож буй энэ үзэгдэл масс зах зээлд дэлгэрэх хүртэл багагүй хугацаа шаардлагатай ч эр, эм гэсэн жендэрийн хэвшмэл үзэл, хязгаарлал хувцас загварын салбарт ямар ч нөлөөгүй, хамааралгүй болж байгааг бүгд ойлгож эхэлжээ.

Тухайлбал саяхан танилцуулагдсан Dior брэндийн шинэ эрэгтэй цуглуулгад бүтээлч захирал Ким Жонс брэндийн эмэгтэй кутюр элементүүдийг эрэгтэй цуглуулгадаа шингээж, тайзнаа гарсан модель бүрийг "дуурийн" урт бээлий, гялалзсан шигтгээтэй хүзүүний зүүлт, сувдан ээмэг, шүрэн чимэглэл, торгон алчуур зэрэг хээнцэр эд зүйлсээр гоёсон байлаа. Тэр ч бүү хэл дугуй мөртэй пальто гэх зэрэг зарим загварууд брэндийн эмэгтэй цуглуулгаас шууд "хуулбарласан" байсан юм. Ерөнхийдөө хүн бүр өөрийгөө хүссэнээрээ илэрхийлэх эрх чөлөөтэй ийм эрин үед загвар гэдэг зүйл бүр ч сонирхолтой болдгийг энэхүү цуглуулгаас харах боломжтой.

Ө.Тодгэрэл

2020-01-20, 13:01