Эргэн дурсъя: Chanel, намар-өвөл 2021

Цар тахал эхэлсэнтэй холбоотойгоор загварын орднууд цуглуулгын танилцуулгаа богино хэмжээний видео/кино хэлбэрээр хүргэж эхэлсэн. Chanel брэнд ч гэсэн энэхүү жишгийг даган шинэ цуглуулгаа кино хэлбэрээр танилцууллаа. Зураг авалт Парис хотын Castel клуб-д болсон бөгөөд онцлох зүйл нь моделиудыг бие даан загварын шоу зохион байгуулж байгаагаар харуулжээ. Тэд өрөөнөөс өрөө рүү дамжин нүүр будалт болон төрхөө өөрсдөө бүрдүүлэн шоундаа оролцож байв. Виржини Виар тус киноны агуулгыг арван жилийн өмнө зохион байгуулагддаг байсан шоунуудтай тун дүйхүйц харагдаж байгааг онцолсон юм.

Chanel брэндийн шинэ цуглуулга 1970-аад оны Парисын загварын гоо зүй болон өвлийн амралтаар цанын бааз дээр харагддаг төрхүүдийг төгс хослуулсан дулаан өнгө аястай болсон байгааг тэмдэглэх хэрэгтэй. Бүрдүүлсэн төрхүүдээс онцлох загвар бол яалт ч үгүй үслэг гутал. Урт твид пальтог нимгэн гэрэлтдэг даашинзтай хослуулсан нь эвтэйхэн бөгөөд эмэгтэйлэг төрхийг бүрдүүлж байлаа. Түүнчлэн цуглуулгад комбинзон, хөвсгөр хантааз, ханцуйг нь саагаар чимсэн кардиганууд багтжээ. Аксесуарын хувьд бүсэлхий ороосон гинж, сувдан зүүлтүүд хамгийн ихээр нүдэнд тусаж байсан юм.

Buro.Mongolia

2021-03-10, 10:27

  • Зураг: