Кутюр загварын долоо хоног: Chanel Haute Couture, намар-өвөл 2017

Карл Лагерфельд Парис хотыг дүрсэллээ

Дизайнер Карл Лагерфельдын уран сэтгэмжээр Гран-Пале ордон улирал бүр аварга том инсталляциар чимэглэгдэж, хүмүүсийг гайхшруулдаг уламжлалтай болжээ. Өмнөх загварын шоунд зориулан дизайнер бодит хэмжээтэй пуужин босгосон бол энэ удаа тэрээр Парис хотын мөнхийн билэгдэл болсон Эйфелийн цамхгийг Гран-Пале ордон дотор багтаалаа. Загварын шоуны энэхүү сүрлэг засал чимэглэлээс дүгнэхэд Карл Лагерфельд кутюр цуглуулгаараа дамжуулан Парисын өвөрмөц чанар, хээнцэр байдлыг харуулахыг зорьсон бололтой. Энэ нь ч өөрөө кутюр загвар гэх ойлголтыг төгс тодорхойлох мэт санагдана.

Энэ улиралд сонгодог твид хослолын мөр нь бөмбөгөр, харин ерөнхий эсгүүр нь урьдынхаасаа илүү өргөн болжээ. Цуглуулгад мөн арав гаруй төрлийн хар өнгийн даашинз багтсан нь бүгд 1920-иод оны уур амьсгал агуулж байв. Загварын шоуны үеэр үзэгдсэн бас нэгэн үндсэн элемент бол шляп малгай юм. Карл Лагерфельд үүгээрээ Габриэль Шанелийг дурсаж, түүний 1910-аад онуудад толгойн өмсгөл урладаг байсан үеийг загварууддаа шингээжээ.

Үндсэн элементүүд: Твид хослол ба даашинз

Үс засалт ба нүүр будалт: Цэнхэр өнгийн смоки будалт

Үндсэн өнгөнүүд: Элсэн бор, хаанын цэнхэр, саарал

Стилистик аргачлал: Винтэж ба орчин үеийн стилийн хослол

Аксесуар: Шляп малгай, твид материалтай гутал, урт түрийтэй гутал

Бүтээлч санааны эх үүсвэр: Коко Шанелийн малгай, 1920-иод оны архив

 

 

Buro.Mongolia

2017-07-06, 09:00