Кутюр загварын долоо хоног: Valentino Haute Couture, намар-өвөл 2017

Шашин шүтлэг ба кутюрын уулзвар дээр

Ватиканаас холгүй байрладаг Valentino загварын ордон өөрийн цуглуулга бүрдээ Католик шашныг ямар нэгэн байдлаар хөнддөг. Хэрвээ өмнө нь шашин шүтлэгийн сэдэв бараг л үл үзэгдэх, маш нарийн элементээр илэрдэг байсан бол энэ улиралд уг сэдвийн нөлөө мэдэгдэхүйц хэмжээгээр орсон байлаа. Пьерпаоло Пиччолигийн хэлж буйгаар тэрээр шинэ цуглуулгадаа ариун зан үйлийг кутюр урлалын аргачлалтай холбохыг хүссэн гэнэ. Дизайнер цуглуулга дээр ажиллахдаа Испанийн алдарт зураач Франсиско де Сурбараны уран бүтээлүүдээс бүтээлч санаа авсан нь загваруудад илт харагдаж байсан юм. Үр дүнд нь тэрээр гэлэнмаагийн юүдэнтэй даашинз, хүнд нөмрөг мөн үхэлд хүргэх долоон нүглийг билэгдэх амьтдын толгойн хэлбэртэй гар цүнх урласан байв. Дизайнер мөн кутюр загваруудыг брюк өмд, хоолойтой цамц ба хантааз загвараар саармагжуулж, хэрэглэгчдийн хэрэгцээг хангах хэд, хэдэн энгийн төрх бүрдүүлжээ.

Үндсэн элементүүд: Даашинз, пальто, хоолойтой цамц

Үс засалт ба нүүр будалт: Шуусан үс, тэгш хуваалт, мөнгөлөг нүдний будаг

Үндсэн өнгөнүүд: Алтан шар, нил ягаан, ногоон өнгийн туяанууд, хар

Стилистик аргачлал: Олон давхарлах аргачлал

Аксесуар: Амьтдын толгойн хэлбэртэй гар цүнх

Бүтээлч санааны эх үүсвэр: Франсиско де Сурбараны уран зургууд

Buro.Mongolia

2017-07-09, 10:00

  • Зураг: