Michel & Amazonka, хавар-зун 2018: Эрэгтэй цуглуулга

Эрэгтэй загварын "Хувьсал"

Эр хүнийг тодорхойлдог хэвшмэл ойлголтууд илүү өргөн хүрээтэй болж, тэр ч бүү хэл зарим ойлголтууд бүр устаж үгүй болж байгаа өнөө үед орчин үеийн эрчүүд өөрийгөө илэрхийлэх бүрэн эрх чөлөөтэй болжээ. Ямар нэгэн хязгаарт баригдахгүй байна гэдэг загварын салбарынхан бидний хувьд хамгийн сэтгэл хөдөлгөм, сайшаалтай үзэгдэл юм. Учир нь загвар бол урлаг, харин урлаг нь өөрөө хүмүүний чөлөөт сэтгэлгээгээр тэжээгдэж, хөгждөг зүйл. Ийм ч учраас дэлхийн томоохон дизайнерууд эрчүүдэд зоригтой хувцаслах урам өгдгийн адил Монголын урдаа барьдаг дизайнерууд ч бас нэгэн хэвийн байдлыг аль болох төрөлжүүлэхээр зорьж байгаа нь дотоодын загварын салбарт эерэг өөрчлөлтүүд авчирч байна.

Хавар-зун 2018 улиралд зориулж Michel & Amazonka брэнд зөвхөн эмэгтэй гэлтгүй мөн бүрэн хэмжээний эрэгтэй загварууд гаргасан нь үүний хамгийн тод жишээ юм. Дизайнерууд эрчүүдээ эрч хүчтэй, тансаг, дэгжин хувцаслаасай гэх чин хүслийнхээ дагуу цуглуулгадаа пиджак ба брюк өмднөөс бүрдэх сонгодог хослолуудаас гадна баялаг чимэглэлтэй гадуур хүрэм, торон цамц, өд мэт хөнгөн цамц, монгол ахуйг харуулсан хэвлэмэл болон гар зураг бүхий цэвэр нэхий хүрэм зэргийг урлажээ. Тэдний цуглуулга дахь ерөнхий хэлбэр дүрс, эсгүүрүүд танил харагдаж болох ч, хувцаснуудын нэгж хэсгүүд бөгөөд деталиуд тэрхүү танил мэдрэмжийг үгүй хийж, цоо шинэ, өвөрмөц дүр төрх бүрдүүлнэ.

Гэхдээ ямар ч шинэлэг шийдэл танилцуулсан, Ч.Мишээл ба Ч.Нямханд нар цуглуулгадаа үргэлж Монгол үндэсний элемент оруулдаг уламжлалтай. Тухайлбал эрэгтэй загварууд дундаас онцгойрох мөнгөлөг болон алтлаг утсаар хатгагдсан тариан түрүү чимэглэлтэй хүрэм эд баялгийг билэгдэнэ. Дизайнерууд энэхүү өвдөг давсан урттай хүрмийг цэвэр хөвөн даавуу болон чидун жимсний ногоон өнгийн хамбан материалаар урлаж, гадна гэлтгүй дотор талыг нь ч бас загварлаг байхаар хийжээ.

Бас нэгэн Монгол ахуйг харуулсан сонирхолтой загвар бол энгэр дээрээ хийморьлог монгол адуучин эрийн зурагтай, зөөлөн шаргал өнгийн торгон цамц юм. Дизайнерууд энэхүү зургийн эхийг тоон зураглалын аргаар зурж торгон материал дээр хэвлэн буулгажээ.

Түүнчлэн өнгөцхөн харахад рок-н-ролл аяс мэдрүүлэх атлаа сайтар ажиглавал таван хошуу малын хээ, дүрслэлээр чимэглэгдсэн нэхий хүрэм бидний анхаарлыг ихэд татлаа. Michel & Amazonka уламжлалт болон модерн шийдлүүдийг уусган нэгтгэснээр баялаг агууламжтай загвар бий болгож чаджээ.

Ч.Мишээл ба Ч.Нямханд нар энэ удаад мөн Chig салоны захирал, мастер Б. Гэрэлт-Одтой хамтран арьсан гутлын загвар танилцуулсан нь цуглуулгыг урьд өмнөхөөс илүү баялаг болгож, брэндийн хувцаснуудтай төгс хослох сонголтыг бий болгож өгсөн байлаа.

Ө.Тодгэрэл

2017-11-14, 14:00

  • Зураг: Tumurbaatar