График хээ болон тод өнгөөр баялаг Prada-гийн эрэгтэй цуглууга

Намар-өвөл 2020

Миланы эрэгтэй загварын долоо хоногийн хүрээнд Dolce & Gabbana, Prada, Fendi зэрэг улирлын хамгийн өндөр хүлээлттэй загварын шоунууд зохион байгуулагдлаа.

Тэдний нэг болох Prada брэнд намар-өвөл 2020 улирлын эрэгтэй цуглуулгаа Fondazione Prada барилгад танилцуулсан байна. Загварын шоунд зориулан Fondazione Prada барилгад сюрреал уран бүтээлч Жоржо де Кирикогийн "Piazza d'Italia" хэмээх зургийг санагдуулам хоёр хэсэгт хуваагдах павильоныг засч байгуулжээ. Харин үзэгчдийн суудлыг павильоны дээд хэсэгт байрлуулсан нь шинэ загваруудыг дээрээс нь харах өвөрмөц боломжийг олгож байлаа.

Миучча Прада шинэ улиралд зориулан график хээтэй брюк өмд, ноосон цамц, богино тайралттай пиджак, хурц эсгүүртэй хүрэм, цацагтай сорочка зэрэг орчин үеийн хэв маягтай ажил хэрэгч загваруудыг урлажээ. Хээ болон өнгөний тэнцвэртэй байдлыг гаргууд нэвтрүүлж чаддагаараа алдартай тэрээр эрэгтэй цуглуулгадаа ч бас тод өнгө болон график хээнүүдийг нэг дор хольсон байв. Материалын хувьд ч мөн тун баялаг болсон ба дахин боловсруулсан мяндас, суналттай ноолуур, гялалзсан эффекттэй нэхий, твид зэрэг төрөл бүрийн материал ашиглан цуглуулгыг бүтээжээ.

"Дэлхийн дулаарал, хүйсийн тухай асуудал зэрэг төрөл бүрийн асуудалд санаа зовж буй өнөө үед өөрт үнэ цэнэтэй зүйлсэд анхаарал хандуулах нь илүү зүйтэй явдал гэж би бодож байна. Миний хувьд намайг тайвшруулж, өөдрөг болгодог цорын ганц зүйл бол ажил минь юм" хэмээн Миучча Прада ярьсан ба үүгээрээ дамжуулан юуны учир ажил хэрэгч загваруудыг бүтээснээ тайлбарлалаа.

Buro.Mongolia

2020-01-14, 12:35