Ойроос харцгаая: Ирээдүйг ойртуулсан Dior Homme pre-fall 2019 цуглуулга

Орчин цагийн Япон улсаас сэдэвлэжээ

Dior загварын ордны эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал Ким Жонс pre-fall 2019 улиралд зориулсан цуглуулгаа Токио хотын "Telecom Center" дээр танилцууллаа. Нүсэр том инсталляци, ховстох мэт лазер гэрэл, алдарт DJ Diplo-ийн электроник хөгжим болон Ким Жонсын урласан гайхалтай загварууд хоорондоо ууссанаар ирээдүйд очсон мэт сэтгэгдэл төрүүлж чадсан юм.

Dior брэнд түүхэндээ анх удаа эрэгтэй цуглуулгаа Япон улсад танилцуулж буй нь энэ билээ. Дашрамд дурдахад, ноён Кристиан Диор кутюр загваруудаа урлахдаа дорнын улсууд, тэр дундаа Японы оёдлын технологийг ашигладаг байсан тул Япон улсын соёл уламжлал Dior загварын ордны хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн гэж үздэг. Харин энэ удаад дизайнер Ким Жонс орчин цагийн Япон улсаас бүтээлч санаагаа авчээ.

Энэхүү цуглуулгаас футуристик, нэн орчин үеийн өнгө аяс мэдрэгдэх ч дизайнер Ким Жонс брэндийн архив дахь барын хээ, твид материал болон ягаан өнгө гэсэн гурван зүйл дээр тулгуурлан загваруудаа бүтээсэн болохоо онцолсон юм. Усан будгаар зурсан мэт барын хээг сонгодог загварын хүрэм, хослол зэрэгт шингээж өгсөн бол ягаан өнгийг Toile de Jouy хэмээх уран сайхны хээг буулгахдаа ашиглажээ. Түүнчлэн Жонс Японы артист, робот урлаач Хажиме Сораяматай хамтран киберпанк хэв маягтай аксесуарууд, Dior-ийн логотой хоолойтой цамцны загварыг гаргажээ.

Үндсэн элементүүд: Футуристик хэв маяг, тэйлор хослол, тэгш бус хэм, твид материал, Toile de Jouy хээ, холограм эффект, кимоно загварын хүрэм, хоолойтой цамц

Аксесуар: Төмөрлөг өнгийн "эмээлийн цүнх", бэхэлгээ загварын бүс, паска цүнх, футуристик уур амьсгалтай нарны шил, бөгж болон малгай, үүргэвч, biker загварын гутал

Үндсэн өнгөнүүд: Саарал, хар, хөх, ягаан, мөнгөлөг

Buro.Mongolia

2018-12-04, 16:23