Хурим найрын билэгт сайн өдрүүд айсуй. Гал голомтоо бадраан, амьдралыг хамтдаа туулах ариун тангаргаа хайртай дотнын хүмүүс, ураг садан, найз нөхдийнхөө өмнө өргөх өдөр хос хоёрын хувьд алтан мөч билээ. Харин та хуримын ёслолд оролцох урилга авсан бол хамгийн түрүүнд таны анхаарах зүйлсийн нэг бол хувцаслалт. Цагаан өнгийн даашинз, жийнсэн өмд эсвэл хэт том цүнх зэрэг нь хуримын ёслолд төдийлөн тохиромжтой хувцаслалт биш гэдгийг бүсгүйчүүд мэдэх биз ээ.
Ингээд уншигчдадаа хуримын ёслолд өмсөхөд тохиромжтой хувцаслалтуудыг санал болгож байна.
A-хэлбэрийн даашинз нь хэзээд хамгийн аюулгүй сонголт байж чаддаг. Тэр дундаа өвдөг давсан хормойтой даашинз таныг илүү даруухан хийгээд эмэгтэйлэг харагдуулна. After party буюу оройн арга хэмжээнээс бусад тохиолдолд хуримын ёслолд өвдөг давсан хормойтой даашинз сонгохыг стилистүүд зөвлөдөг ба Азийн орны соёлд ахмад зочдод мөн хүндэтгэлтэй хандаж буйн илрэл хэмээн үздэг.
Таны төрхийг тодотгох жижиг деталь хэзээд үнэ цэнтэй. Хэтрүүлэггүй хуниас, тод өнгийн өсгийтэй гутал эсвэл нарийн хээтэй даашинз таныг бусдаас ялгаруулж чадна. Цэцгэн хээтэй даашинз сонгоход ч буруу зүйлгүй ба гол нь хээ нь жижиг байх нь хамгийн тохиромжтой. Учир нь тэр өдөр сүйт бүсгүй хамгийн гол од байх ёстой билээ.
Хуримын цэнгүүн ямар ч орон зай, том жижиг талбайд зохион байгуулагдаж буйг үл хамааран таны барих цүнх жижигхэн байх нь хамгийн чухал. Хэт том цүнх эсвэл энгийн даавуун торон цүнх таны хувцаслалттай тохирохгүй байж магадгүй. Мөн хуримын үеэр цүнхнийхээ мөрөвчийг авч цүнхээ мөрөндөө үүрэх бус гартаа барьж явах нь хамгийн сонгодог жишээ юм шүү.
Энэ жил Ralph Lauren, Armani зэрэг брэндүүд өргөн, хэлхгэр өмдийг дахин тренд болголоо. Өндөр суудалтай шулуун өмдийг торгон цамц эсвэл ажил хэрэгч нимгэн цамцтай хослуулбал дэгжин атлаа тухтай харагдана. Ийм өмд таныг бүтэн үдэш өөртөө итгэлтэй алхахад тусалж мэднэ. Брюк өмд ч гэсэн үүнтэй агаар нэг, гагцхүү бариу загвартайг бус өргөн эсгүүртэй хувилбарыг та сонгоорой.
Бүсгүйчүүдийн дунд Монгол дээлийг дахин загварчилсан олон хувилбарууд бий. Энэ жил дээлийн хантааз мөн л чухал сэдэв боллоо. Олон олон үндэсний брэндүүд хантаазыг янз бүрийн өнгө торгоор урлаж үндэсний хээ угалзыг чадварлаг буулган толилуулсан билээ. Иймд хантаазыг дээлийн гадуур гэхээс илүү брюк өмд болон А-хэлбэрийн даашинзтай хослуулан туршаад үзээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Урлаг Соёл / Дүрслэх Урлаг & Театр
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт