Стилистийн зөвлөгөө: Хувцсаа загварчлах шинэ аргачлалуудад суралцъя

Намар-өвөл 2023 загварын долоо хоног эхэлснээр шинэ цуглуулгууд ар араасаа танилцуулагдаж, үүнийг даган сонирхолтой стилистик аргачлалууд төрөн гарч байна. Загварын орднуудын санал болгож буй хувцаслалтын бүтээлч арга техникүүдийг яг одооноос эхлэн хэрэгжүүлье.


DIOR: ПИДЖАКИЙНХАА БАРТАА ЗАХЫГ БОСГОЖ ӨМСӨХ 

Тейлор хийцтэй дурын пиджакийнхаа бартаа захыг босгон энгэрийн зүүлтээр бэхлэн тогтоогоорой. Маш хялбар үйлдлээр илүү сонирхолтой төрх бүрдэнэ.


AURALEE: ТЭЛЭЭНДЭЭ БЭЭЛИЙГЭЭ ХАВЧУУЛАХ 

Бээлийгээ гээж үрэгдүүлэх гээд байдаг хүмүүст хэрэгтэй практикал бөгөөд загварлаг аргыг Японы Auralee брэнд харууллаа. 


ZEGNA: НЭГ ӨНГИЙН ОЛОН ТУЯАНУУД 

Тэсгим хүйтэн өвлийн улиралтай Монголын нөхцөлд хувцсаа давхарлаж өмсөх нь бидний нэн тэргүүний хэрэгцээ билээ. Ингэхдээ нэг өнгийн олон туяатай бөгөөд хоорондоо харилцан адилгүй материалтай хувцас сонгон давхарлах нь төрхийг илүү high fashion харагдуулна.


LEMAIRE: БҮСЭЛХИЙНЭЭС УЯХ АРГАЧЛАЛ 

Намар-өвөл 2023 загварын долоо хоногийн микро трендүүдийн нэг болсон энэхүү аргыг хэрэгжүүлэхдээ цамц, цув, хүрэм, пиджак гээд бүх төрлийн хувцаснаас сонгон хэт их хичээсэн цэмцгэр биш, тайван, өдөр тутмын хэв маяг бий болгоорой.


DIOR: ХАНЦУЙНДАА АНХААРЛАА ХАНДУУЛ 

Цамц, эсвэл хүрмийнхээ ханцуйг бохир болгохоос сэргийлэн зүүдэг ханцуйвчийг өдөр тутамдаа ч гэсэн загварчилж болно. Хамгийн гол нь ханцуйвчаа дотуур нь өмсөх хувцастайгаа өнгө ижил байхаар сонгох хэрэгтэй.


MAISON MIHARA YASUHIRO: ЖИЖИГ ДЕТАЛЬ, ТОМ ӨӨРЧЛӨЛТ 

Хэрэв та саарал хослол, хар кетээс бүрдэх бараан өнгө давамгайлсан хувцаслалт бүрдүүлсэн бол өнгө болон материалын хувьд контраст бий болгох ороолт зүүж хувцаслалтдаа сэтгэл сэргээм деталь нэмээрэй.


AURALEE: ӨМДНИЙ ШУУМГАА ОЙМСНЫ ТҮРИЙНДЭЭ ХИЙХ 

Энэхүү арга нь гэртээ ч, гадаа ч өмссөн тохиромжтой байдаг лаунж хэв маягтай төгс зохицдог.


KOLOR: УРТ ХАНЦУЙ БОЛОН БЭЭЛИЙ 

Урт бээлийг заавал богино ханцуйтай цамц, эсвэл пальтотой хослуулдаг цаг ард хоцорчээ. Урт ханцуйтай цамцан дээр тохой хүрсэн бээлий давхарлахдаа тухайн хэсгийг үл ялиг хумин нугалаас үүсгэж мото стилийн өнгө аяс оруулаарай.


MAGLIANO: ЯГААН + ЧИДУН ЖИМСНИЙ НОГООН 

Хоршуулан өмсөх боломжтой өнгөний палитр нэгээр нэмэгдлээ. Та чидун жимсний, аль эсвэл бидний хэлж заншсанаар цэргийн ногоон өнгийг зөөлөн пастель маягийн ягаан хувцастай хослуулах боломжтой.


Buro.Mongolia

2023-01-27, 17:12