Agent Provocateur брэндийн үүсгэн байгуулагч хүйсийн хамааралгүй дотуур хувцас гаргалаа

Les Girls Les Boys брэндтэй танилцана уу

Тачаангуй дотуур хувцсаараа алдартай Agent Provocateur брэндийн үүсгэн байгуулагч илүү орчин үеийн сэтгэлгээтэй нэгэн шинэ төсөл эхлүүлж байна. Les Girls Les Boys нэртэй брэнд нь аливаа нэг хүйсэнд харьяалагдахгүй дотуур хувцас санал болгох юм.

Шинэ брэнд есдүгээр сарын 1-нд буюу маргааш 100 загвар бүхий цуглуулгатайгаар нээлтээ хийнэ. Брэндийн гоо зүйн баримтлал Agent Provocateur-той харьцуулбал илүү даруухан байх бөгөөд, дотуур хувцаснууд гудамжны стилиэс санаа авсан, чөлөөт дизайнтай байх юм. Бичигтэй футболка, спорт хэв маягийн биед эвтэйхэн хөхний даруулга ба боди, хөвөн даавуун өмд зэрэг нь брэндийн үндсэн төрхийг тодорхойлно. Мөн тэр дундаас Calvin Klein-ыг санагдуулам даавуун материал бүхий логотой дотуур өмд хамгийн ихээр анхаарал татаж, тун удахгүй street style загварт тренд болох магадлалтай байна.

Agent Provocateur-ийн үүсгэн байгуулагч Сирена Риз анх орчин үеийн залуусын чиг хандлагыг ойлгосноор уг брэндийг нээхээр шийджээ. "Victoria's Secret ба Agent Provocateur гэх зэрэг брэндүүд тэдэнд сонирхолтой байхаа больсон. Сүүлийн арван жилийн хугацаанд бид хэт тачаангуй байдал болон гоо сайхны мэс заслыг шүтэж ирсэн. Энэ нь гэхдээ маш буруу зүйл юм. Энэ бол хүмүүсийг өөртөө итгэлгүй, аз жаргалгүй болгодог үзэл бодол. Үүнд би өөрийнхөө бурууг ч бас мэдэрдэг" хэмээн Сирена ярьжээ.

Les Girls Les Boys брэндийн анхны цуглуулга 9 сарын 1-нээс эхлэн lesgirlslesboys.com вебсайт дээр худалдаалагдана.

Buro.Mongolia

2017-08-31, 15:00