Демельемейстр, Бейрендонк гэх нэрнүүдийг дуудах нь байтугай тогтооход ч төвөгтэй санагдсан сэтгүүлчид Бельги улсаас ирсэн залуу зургаан дизайнеруудыг нэгтгэн “Аntwerp Six” хэмээн товчилсон нь загварын түүхэн дэх хамгийн сонирхолтой мөн хорхой хүргэм бүлэг болно гэж хэн ч санаагүй биз. Угтаа эдгээр зургаан дизайнерууд өөрсдөө ч бодож амжаагүй энэхүү товчилсон үгийн эзэд өдгөө ч амжилтаараа үлгэрлэсээр байна.
Нүсэр сурталчилгаа, ердөө брэндийн нэр хүндээр танигдаж дизайнерын нэрээр л үргэлжлэх загвар хэрэглээнээс улам гарч буй туйлширсан хэсэг үзэгдлийг анзаарсан тэдгээр дизайнерууд өөр зүйл хүсэж эхэлсэн нь "Анти-фэшн" буюу чухам хувцас гэж юу болох талаарх асуултыг өөрсдөөсөө мөн үзэгчдээс асууж эхэлжээ. Гоё сайхан байх, эрх мэдлээ таниулахаас илүүтэй хувцас өөрөө урлагийн бүтээл, уг бүтээл нь ямарваа нэгэн санаа агуулж байгааг сануулж эхэлсэн тэдний тэрслүү загварууд салбартаа эрх чөлөөг гаргасан шинэчлэлт болж чадсан юм. Тийм ээ, энэ шинэчлэлтийг авчирсан залуус бол “Antwerp Six”.
Роналд Рейганы үеийн Америк улс тухайн үед санхүүгийн аварга гүрэн болон мандаж, Зүүн Европт коммунизм нуран унаж байсан 1980-аад онд Лондон хот харин “хэв маягийг эвдэхүй” уриан доор урлагийн тэрслүү урсгалаар хөгжиж байв. Тод өнгөөр нүдээ будаж, үсээ босгосон залуучууд Siouxsie and the Banshees, The Cure сонсонгоо эрэгтэй, эмэгтэй гэсэн хэвшмэл ойлголтыг эсэргүүцэн жендерфлюид хувцаслалтаар гоёж байв. Панк рок урсгалын хажуугаар Лондон хотын чимэг мэт болсон англи маягийн хүрэмтэй, оксфорд гуталтай залуус The Smiths, New Order-ын тоглолтуудыг хүлээн өнжиж байхад загварт “Энэ лав биш, тэр тусмаа энэ бүр ч үгүй!” гэж өөрчлөлт хүсэх залуус дунд андерграунд сонирхол эхэлж байлаа. Энэ өөрчлөлтийг дэмжин Британийн Засгийн Газар залуу дизайнеруудад санхүүжилт олгон хүлээн авалт зохион байгуулж, салбарыг идэвхтэй дэмжиж эхэлсэн ба бидний мэдэх "Лондоны загварын долоо хоног" эрчээ авснаар Хааны урлагийн коллеж, Сент-Мартинс болон Лондоны загварын коллежийн шилдэг төгсөгчдийн талбар болон хувирчээ.
Энэ тайзан дээр Антверпены Хааны нэрэмжит дүрслэх урлагийн академийн зургаан залуу төгсөгчид өөрсдийн цуглуулгаа танилцуулахаар жижиг фургон машинтай хамтдаа ирж, Британийн дизайнеруудын шоун дээр бүтээлүүдээ танилцуулсан нь долоо хоног ч хүрэлгүй Barneys, Bergdorf, Liberty of London зэрэг дэлхийд танигдсан дэлгүүрүүдэд тавигдаж эхэлсэн түүх бол Antwerp Six-ийн эхлэл юм.
Хоорондоо тэс ондоо атлаа өөрчлөлт рүү тэмүүлсэн нэгэн хүсэл сонирхлоор нийлсэн эл зургаан залуус бол Анн Демельемейстр, Дирк Ван Саен, Дрис Ван Нотен, Дирк Биккемберс, Вальтер Ван Бейрендонк, Марина Ий.
Арьс, металлыг цаас шиг нугалж, poetic gothic хэв маягийг хар цагаан хоёрхон өнгийн хооронд урлах Анн Демельемейстр арьсан эдлэлээрээ, тэр дундаа хүрэм болон цувны үндсэн эсгүүрийг эвдсэн нь загвар сонирхогч хэн бүхний хамгийн эрхэм цуглуулгуудын нэг болсон.
Дирк Ван Саен нь хувцас урлалыг урлагийн бүтээл хэмээн үздэг нэгэн. Иймдээ ч түүний загварууд цөөн тоогоор бүтээгддэг ба худалдан авагч урлагийн бүтээл мэт нандигнан цуглуулдаг билээ. Харин одоо баримал, инсталяц голчлон анхаарах болсон түүний дүрслэх урлагийн бүтээлүүд өдгөө хувийн галерейд үзэсгэлэн болон дэлгэгдэж байна.
Уншигч таны магад сайн мэдэх Дрис Ван Нотен бол эл зургаан уран бүтээлч дундаас салбартаа хамгийн өргөн цар хүрээнд танигдсан ба гол арга барил нь чимэг бүхий хээнүүдээр “тоглодог”-оор нь хамгийн сайн танина. Энгийн эсгүүрийг өндөр зэрэглэлийн торго, дурдангаар амилуулах түүний загварууд өдөр тутамд ч тэр, оройн үдэшлэгт ч тэр тохирох энгийн хэр нь онцгой хэмээн үнэлэгддэг билээ.
Дирк Биккембергсийн урласан том хоншоортой зузаан арьсан гутлууд нь нарийн резинэн бүчээр улныхаа доорх мөнгөлөг тоногоо ороодог нь эршүүд хэр нь загварлаг харагдуулах ба түүний авьяасыг шууд илтгэнэ. Мөн спорт дүр төрхийг загварчлахдаа эрч хүчтэй, бардам хэв маягийг сүлэлдүүлж милитари шик дүр төрхийг ч цогцлоож чаддаг. Өөрийн загварууд дээрээ тэрбээр төсөөлөөгүй нэмэлт тоноглолууд оруулдгаар нь цуглуулагчид сайн мэдэх ба одоо ч тус брэндийн нэрийн хуудас болон танилцуулагдсаар байна.
Хамгийн тод бас хамгийн хурц дизайнаараа ялгарах Вальтер Ван Бейрендонкийн хувцаснууд латекс, үслэг материал хослуулан неон өнгөнүүдийн сонголттойгоор танилцуулагддаг. Хүүхэлдэйн киног санагдуулам 2D принтүүдийг дүрслэн оруулдаг нь нийгэм рүү, залуучууд руу чиглэсэн наргианч, эрх чөлөөт дуу хоолойг уриалдаг байна.
Тэгвэл эсэргээрээ Марина Ий “энгийнээс энгийн” зарчмыг баримтлан хувцсыг дахин хувиргаж, оёдлыг нь сэтлэн эсгүүрийг нь эвдэж тэр дотроос дахин хувцас төрүүлдгээрээ алдартай байв. Sustainable fashion буюу тогтвортой байдлын төлөөх загвар тренд болохоос өмнө загвар хэн бүхэнд нээлттэй байх, нээлттэй ч гэсэн загварлаг байж болох дуу хоолойг хүргэж байсан нь түүний гол ялгарах онцлог байлаа.
Antwerp Six нь ердөө загварын тодорхой нэгэн "урсгал"-ыг бий болгоогүй, харин уран бүтээлчийн бие даасан байдлыг тодотгож, дизайнер хүний эрх чөлөөний хэм хэмжээг өөрсдөөрөө үлгэрлэсэн юм. Загвар бол зөвхөн түр зуурын чиг хандлага биш, харин өөрийн гэсэн дуу хоолой, эсэргүүцэл хийгээд шүүмжлэлт сэтгэлгээ агуулж болдог гэдгийг батлан харуулсан нь өнөөдрийг хүртэл загварын салбарт хүчтэй харагдсаар...
Тэд Бельги улсыг дэлхийн загварын тавцанд дан ганц үйлдвэрлэгч орон бус бүтээлч сэтгэлгээний сонирхолтой хуудас болгон тэмдэглэсэн нь бидний мэдэх Раф Симонс, Хайдер Акерманн, Крис Ван Аш болон Демна Гвасалиа, Матье Блайзи зэрэг хойч үеийн төгсөгчдөөс харагддаг. Загварыг догдлом байлгадаг, төсөөлж ч амжаагүй боломжуудыг бусдад нээн харуулдаг эл үзэл ямар чухал болох хэрэгцээгээ батлан чимээгүй ч хүчтэйгээр үргэлжилсээр байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт