Чанартай худалдан авалт, үүрдийн хэрэглээ, зөв дадал яаж суудаг вэ?

Залуу бүсгүй та өөртөө шинэ жилээр өгөх бэлгээ зоригтойгоор сонгогтун

Шинэ он гарахад ердөө хэдхэн хоног үлдлээ. Энэ богинохон хугацаанд залуус бид дотроо аль хэдийнээ ирэх онд юу хийх талаар бодож, төлөвлөж эхэлсэн л байгаа. Юун түрүүнд он гармагц ахин нэг насыг нэмэх нь гэх бодолтой зэрэгцээд, ирэх жилийн төрсөн өдрөө найзуудтайгаа тэмдэглэх үү, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ оройн хоол идэх үү хэмээн ирээгүй өдрүүдийг урьдаас төсөөлнө. Шинэ оны босгон дээр бид ингэж олон зүйлийг бодож, төлөвлөж эхэлдэг нь амьдралыг тэр чигт нь адал явдал, хайр, өглөө бүр шинэ боломж, шинэ эхлэл гэж хардаг өөдрөг үзэлтэй маань салшгүй холбоотой.

Үүнээс наанадаж шинэ оноор хайртай дотно хүмүүстээ ямар бэлэг өгөх вэ гэж эрэл сурал болно. Хүн бүр өөрсдийн гэсэн бодолтой учир янз бүрийн бэлэг сэлт сонгож хайртай хүндээ эсвэл аав, ээж, үр хүүхдүүддээ өгнө. Харин бид бэлэг бэлэглэх энэхүү мянган бодлуудынхаа алинд ч өөрсдийгөө оролцуулж боддоггүй үе бий. Залуу бүсгүйчүүд “Миний дуртай үргэлж авахыг хүсдэг брэндийн цүнх дараа жил худалдаанд байх болов уу”, “Уул нь энэ жил би санхүүгийн орлогоо төлөвлөснөөс илт давуу биелүүлсэн, би уржигдархан харсан өсгийтэй гутлыг авчхаж чадна, гэвч энэ удаадаа больё доо” гэж бодоод өнгөрнө. Энэ үед бидний ухамсар хоёр хуваагдаж, “Яадаг юм авчих” эсвэл “Ийм зүйлд мөнгө үрээд дэмий” гэх хоёр бодол амь ороод бараг хэлбэр дүрс олоод зүүн, баруун мөрөн дээр чинь суучихна. Эцэстээ бүсгүйчүүд нэг л дүгнэлтэд хүрдэг нь би энэ жил өөртөө мөнгө зарцуулж чадсан уу эсвэл үгүй юу.

Залуу хатагтай, тэр дундаа энэ жил дөнгөж карьераа эхлүүлж, анхны цалингаа аваад удаагүй яваа таны хувьд 2026 оныг угтахдаа өөртөө зориулж чанартай худалдан авалт хийхгүй байх шалтгаан үнэндээ үгүй. Учир нь бид бүгд өөрөө өөрийгөө хайрлах эрхтэй шүү дээ. Өнөөдөр дөнгөж 25 нас гарч яваа залуу бүсгүй та, олон эх сурвалж, трендүүдээс өөрийгөө ямар хэв маягаар хувцасладаг хүн бэ гэдгээ хайж, түүнийгээ олж, түүнээсээ гарч, сүүлдээ шинийг туршихаас айдаггүй зоригтой нэгэн болсон биз ээ. Харин арван хэдэн жилийн өмнө Улаанбаатарын бүсгүйчүүд анхны чанар хийгээд загварлаг сонголтоо үндэсний брэндийн ноолууран пальто өөртөө авснаар эхэлж, “гангараа” гэх соёлын хэлтэй танилцдаг байсныг би мартдаггүй. Өнөөдөр эгч нарынхаа хувцасны шүүгээг онгойлговол 10–15 жилийн өмнө авсан ноолууран пальто нь хэлбэрээ алдаагүй, элэгдээгүй, бараг л шинэ мэт хэвээрээ байдаг. “Яаж ингэж удаан хэрэглэж, эдэлсэн юм бэ?” гэж асуухад тэд “зорьж байж авсан эд минь” гэж товчхон хариулна. Харин энэ хэдхэн үгний цаана нуугдаж буй зүйл бол үнэндээ чанартай худалдан авалт хийснээр, түүнийгээ гамтай эдлэх зөв хандлага сууж эхэлсэнтэй холбоотой байдаг. 1980-аад онд гадаадад аялж явахдаа өөртөө зориулж авсан пансан ороолтоо өнөөдөр ч хайрлан хэрэглэсээр яваа ээжүүдийн түүх ч үүнийг батална. Үнэнчээр хайрлаж, удаан хугацаанд хамт амьдарсан эд зүйлс л жинхэнэ үнэ цэнийг бүтээдэг сайхан дүр зураглалыг бид ийм жишээнүүдээр харсан л байдаг.

Чанартай худалдан авалт гэдэг бол дан ганц брэндийн бараа худалдан авах гэсэн ойлголт биш боломжийн үнэтэй чамин үнэт эдлэл ч байж болно, харин эсрэгээрээ амьжиргааны зардлаа хасан байж тэнгэрт хадсан үнэтэй загварын ордны гар ажиллагаа давамгайлсан өдөр тутамдаа өмсөхөөс ч халшрам, хормой урт, кутюр даашинз аваад түүнийгээ насан туршдаа өрөөнийхөө аль нэг хэсэгт, хайрцагт хийж хадгалах тухай огт биш гэдгийг та хэнээр ч хэлүүлэлгүй мэдэх байх.

Чанартай худалдан авалт гэдэг бол үнэхээр та ямар брэндэд илүү дуртай, ямар төрлийн хувцас, хэрэглээг түлхүү ашигладаг вэ гэх энгийн асуултуудаас эхэлнэ. Эхний ээлжид тренд болж буй хувцас сонгохоос зайлсхийж амьдралынхаа хэмнэл болоод өдөр тутмын хэрэгцээндээ тулгуурлаж сонголтоо хийгээрэй. Ухамсартай хөрөнгө оруулалт гэдэг гагцхүү үүнд оршино. Хэрэв чи Diesel брэндийн гар цүнхэнд өөрийн эрхгүй нүд унагаж байгаа бол авах хэрэгтэй, чи тэр цүнхэнд дурлаж байвал тэр цүнх чамайг 10, 20, 30 жилийн дараа ч төлөөлсөөр байх болно. Нөгөө талаараа сайн чанарын хүрэм авахаар дуртай брэндээ зорьтол хэтэрхий үнэтэй байвал дуураймлыг авах гээд хэрэггүй. Бусдад жинхэнэ мэт харагдавч өөрт чинь тэр хэзээ ч үнэ цэнэ мэдрүүлэхгүй. Чи ч түүнийгээ гамтай өмсье гэж бодохгүй.

Жишээ татваас, Fendi бол тансаг зэрэглэлийн загварын ордон, үнийн хувьд ч өндөр. Тус брэндийн цуглуулга, хэв маягт чи үнэхээр дуртай хэдий ч арьсан цүнхийг нь авах санхүүгийн чадамж хараахан бүрдээгүй байгаа бол энэ удаад өөртөө Fendi-гийн арьсан хэтэвч авч болно. Юутай ч үүгээр чиний тухайн брэндтэйгээ гар барин танилцаж буй эхний алхам тавигдана. Энэ худалдан авалт зүгээр нэг хэрэглээ гэхээс илүүтэй, өөртөө итгэх итгэл, урам зоригийг тань улам их бадраана. Мөн та тэр хэтэвчээ зааврын дагуу арчилж, аль болох хүндэтгэлтэй харьцана. Ийм хандлага сууж эхлээд нэг мэдэхэд тэртээх олон жилийн өмнө авсан Fendi-гийн түрүүвч тань дотнын найз чинь болчихсон олон жилийг хамтдаа өнгөрүүлсэн байх болно.

Нийтлэлээ эмхэтгэвээс, 2026 он гарахад чанар муутай зүйл хямд үнээр олон ширхгийг авахаас татгалзаж, өөрийн тань амьдралтай хамт олон олон шинэ жилийг хамт угтах чанартай хувцас хэрэглээг сонгосноор танд аяндаа зөв дадал сууж эхэлнэ. Хэрэвзээ өөрт яг таг таарч тохирсон алдартай загварын ордны хувцсыг зориг гарган авсан л бол, тэр зүйл таны үнэ цэнийг улам тодруулдаг жамтай.

Нийтлэлийн төсгөлд Монгол улсын алтан үеийн түүчээ дизайнер Н.Соёлмаагийн interview.mn-д өгсөн ярилцлагыг иш татан хүргэж байна. “Би мэргэжлийн хүний үүднээс тайлбарлая л даа. Брэнд хувцас болон бүтээгдэхүүн гэдэг чинь жишээлбэл нэг залуухан охин байгаад, 50 мянган төгрөгийн цүнх барьдаг байлаа гэж бодъё. Тэр өөрөө хичээгээд, өөрийн дуртай брэндийн цүнхийг авах юмсан гэж мөрөөдөж болно. Тэр мөрөөдлийнхөө цүнхийг авах мөнгөө цуглуулна. Тэр мөнгөө цуглуулаад, 50 мянгын цүнх үүрдэг байсан охин 150 долларын цүнх авлаа гэж бодъё. Тэгээд тэр цүнхийг бариад явж байхдаа тэр охины өөртөө итгэх итгэл нь асар их нэмэгддэг байхгүй юу. 'Би өөрийн мөнгөө цуглуулж байгаад авсан мөрөөдлийн цүнхээ бариад явж байна. Тэгэхээр би чадах юм байна' гэх итгэл төрнө. Тэрийгээ хайрлана, энэ тэндгүй хаяад байхгүй, хаана барихаа мэддэг болно. Тэр брэндийн цүнхийг удаан барина, олон жил нүүрийг нь тахална. Хожим арван жилийн дараа тэр цүнх охинд нь маш сайхан дурсамж үлдээнэ. Эд болно. Брэнд гэдэг уг нь ийм хүчтэй эд байхгүй юу.”


Ж.Булган

2025-12-25, 15:56