Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Сара Жессика Паркерын залуу нас

Залуу насны алдаа эргээд моодонд орох үед

Дэлхий нийт Кэрри Брэдшоутай танилцахаас өмнө карьераа дөнгөж эхлүүлж байсан залуу жүжигчин Сара Жессика Паркер зарим нэг жижиг цуврал кинонуудад туслах дүр бүтээж, Роберт Дауни болон дараагаар нь Николас Кейж нартай хайр дурлалын харилцаатай байж, улаан хивсний ёслолд дотуур хувцас дээр энгэр нь задгай пиджак өмсөн хүрэлцэн ирдэг байлаа. Тэрээр мөн тухайн үед "тосгоны" хэмээн нэрлэгддэг байсан тод өнгийн, том үсний боолт зүүдэг байсан нь яг л орчин үеийн Balenciaga брэндийн цуглуулгаас авсан мэт cool харагддаг байв.

Нэгэн удаа жүжигчин бүсгүй залуу насныхаа нийт зургийн 80%-ийг устгалд өгөх хэрэгтэй хэмээн ярилцлагынхаа үеэр хэлсэн байдаг. Сара Жессика Паркерын бодлоор 1980-аад онууд болон 1990-ээд оны эхэн үед тэрээр үнэхээр аймшигтай хувцасладаг байсан бөгөөд "гаргах боломжтой бүхий л fashion алдааг гаргасан" аж. Тийм ээ, магадгүй тухайн үеийн түүний зарим нэг төрхүүд хачирхалтай харагдаж байсан нь үнэн ч, тэдгээр нь хамгийн гол нь хэзээ ч уйтгартай байгаагүй юм. Сара Жессика Паркерын сонгосон хувцас бүрээс хувь хүний зан чанар, онцлог мэдрэгддэг байлаа. Түүгээр ч зогсохгүй өнөө үеийн загварын ертөнцөд түүний сонгож байсан ихэнх төрхүүд харин ч эсрэгээрээ маш загварлаг харагдаж, тренд болж байна. Өргөн мөртэй, дөрвөлжин хээтэй эрэгтэй пиджакаас эхлээд old school хэв маягтай спорт хувцаснууд гээд Паркерын нарийн мэдрэмжийг батлах олон тренд дэлхийн томоохон дизайнеруудын шинэ цуглуулгад багтсан байгаа. Өөрөөр хэлбэл жүжигчний залуу насны алдаанууд 2010-аад оны загварын зөгнөл болж өгчээ. Эклектик стиль буюу төрөл бүрийн хэв маягийг хослуулан өмсөх аргачлал ноёрхож, "гоё" ба "муухай" гэх ойлголт хоорондын хязгаар үгүй болсон энэ үед Сара Жессика Паркерын 1980-аад онуудын хувцаслалт бидэнд хамгийн шилдэг санаануудыг өгөх болно.

Buro.Mongolia

2017-11-27, 11:00

  • Зураг: