Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Виктория Бекхэм ба түүний дахин төрөлт

“Пош Спайс”-аас загварын шүтээн болж хувирсан нь

Виктория Бекхэмийн нэрийг дуулах бүрд толгойд өөрийн эрхгүй Spice Girls хамтлагийн ирвэсний хээтэй даашинз өмссөн, чокер зүүлт зүүсэн, богино үстэй бүсгүй буудаг. Үүний дараагаар ихэнх хүмүүс 2000-аад оны Викториягийн дүр төрхийг санаж, түүний соло карьераа эхлүүлэхийг оролдож байсан үеийн жийнсэн total look, Herve Leger-ийн бие барьсан даашинз, Juicy Couture-ийн хослол гэх мэт бага зэрэг зохицолдоогүй хувцаслалтуудыг дурсдаг. Ерөнхийдөө 2000-аад оны хамгийн мэдрэмжгүй, хачирхалтай трендүүдийг тухайн үеийн Виктория өмсдөг байсан гэж гэхэд хилсдэхгүй биз ээ.

Гэхдээ Викториягийн гайхамшигтай загварын хувьсал бид бүгдийн нүдний өмнө болж өнгөрсөн. Түүн шиг ийм эрс өөрчлөлт хийж чадсан алдартнууд тун цөөхөн байдаг шүү дээ. Анхаарал татам, заримдаа бүр хэтэрхий тачаангуй гэмээр богино даашинзуудаас намбалаг бөгөөд дэгжин хувцаслалт хүртэлх энэ урт замд Виктория хэд, хэдэн шийдэмгий алхам хийсэн. Тэрээр 2009 он гэхэд үснийхээ засалтыг өөрчилж, жин хасч, бизнес хатагтайн даашинзууд өмсөж эхэлсэн. Үүнд мэдээж хэрэг түүний 2008 онд үүсгэн байгуулсан хувцасны брэнд багагүй нөлөө үзүүлсэн юм. Загварын салбарын мэргэжилтнүүдтэй уусан нэгдэхийн тулд тэрээр тансаг атлаа ажил хэрэгч дүр төрхийг сонгосон билээ. Тэр цагаас хойш Виктория платформ ултай өндөр өсгийт, аварга том нарны шил ба хар өнгийн хувцаснуудаар дагнах болсон. Мэдээж хэрэг хэзээ ч инээмсэглэдэггүй түүний ширүүн төрх алдарт дүр төрхийнх нь салшгүй нэгэн хэсэг болсон байдаг.

Виктория мөн саяхан томоохон өөрчлөлт хийж, хэт албаны хувцаслалтаа илүү чөлөөт, биед эвтэйхэн хэв маягтай болгосон. Тэрээр Victoria Beckham брэндийнхээ хүрээнд ч бас энэ хувьсгалыг өрнүүлж, хүчирхэг эмэгтэйн шинэ чиглэлийг хувцаснуудаараа илэрхийлж байгаа. Эцэст нь 2017 оны Викториягийн стилийг намхан ултай гутал, чөлөөт эсгүүрийн өмд ба даашинз, минимал аястай загваруудаар тодорхойлж болно.

Buro.Mongolia

2017-10-02, 09:00

  • Зураг: