ГОВЬ брэндийн загварын багынхан энэ жилийн загваруудаа бүтээхдээ нүүдэлчин монгол ахуйн түүхийг эргэн нэг сөхлөө. Монгол нүүдэлчин түмний эх байгалиа хүндлэх, аливаад ариг гамтай хандаж, өгөх авахын ухааныг өөр хоорондоо бус эх дэлхийтэйгээ холбож ойлгодогт олон учир байдаг болой. Ус, бэлчээр даган малаа маллан аж төрдөг эгэл ардын амьдрал хийгээд хувцаслах тухай ойлголт энгийн хэр нь өдөр тутамдаа өмсөхөд ч олон үйлд зориулагдсан биед эвтэй өмсгөл байсан нь гарцаагүй.
Тухайн цагийн нүүдэлчин Монголчуудын сэтгэлгээгээр ГОВЬ брэнд шинэ загвараа ийн танилцуулж байна. Тодруулбал Монгол гэлтгүй дорно дахиныхны олон зууны турш цөл болон хээр талаар нутаглан амьдрахдаа өмсөж ирсэн ухаалаг шийдэл бүхий өмсгөл, цаг уурын өвөрмөц байдалд нийцсэн хувцаснуудыг хослуулан байгаль орчинтойгоо дасан зохицсоор амьдарч ирсэн хүмүүний түүхийг мөн дурдаж болох юм. Үүгээрээ тус брэнд нүүдэлчин соёлыг илтгэх нөмрөг мэт пальто, олон талаар ороож бас нөмөрч болох залгаа ороолт, юүдэн болгон өмсөхөд тохиромжтой давхар оруулгыг нэгэн цул загвар болгон танилцуулж байна. Хүйтний улиралд хэрэглэгч бүр өөрийн дураар ороолт болгож эсвэл тухайн цаг агаартаа тохируулан толгойн хэсгээ ороох бүрэн боломжтойг мэргэжилтнүүд онцоллоо. ГОВЬ брэндийн нэрийн хуудас болсон пальтоны загварууд уламжлалт европ эсгүүрээс хальж Монголын цаг агаарт тохирсон нэмэлт шийдлүүдийг танилцуулж байгаа нь онцлог ба зарим загварыг ажвал ханцуй болон энгэрийн хэсэгт илүү ач холбогдол өгч бүтээлчээр хандаж байгааг анзаарах нь зүйтэй.
Тус брэндийн "модульчлагдсан хувцаслалт буюу олон янзаар өмсөж болох загваруудыг” онцолж байгааг дурдахын сацуу орчин үеийн загварын чиг хандлага талаас уран баримал мэт харагдах силуэт хэлбэр, twinset буюу хоёр хэсгээс бүрддэг хослолыг танилцууллаа. Цамцны ханцуйг салдаг хэлбэрээр загварчилсан, мөн энэ жилийн цуглуулгад байгалийн өнгийг түлхүү ашигласан зэргээс харахад хувцас болгоны жижиг хэсгүүд өөр хоорондоо өнгө загвар хоршин, үйлчлүүлэгч бүхэн өөрсдийнхөөрөө загварчлах боломжийг бидэнд олгож байна. Нарийн тайлбарлавал өнгөц харахад өргөн ороолт мэт харагдавч сэрүүн цаг үед ханцуй болгон гартаа углаж цамц болгон өмсөх шийдлийг бүтээжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт
Урлаг Соёл / Дүрслэх Урлаг & Театр
Урлаг Соёл / Дүрслэх Урлаг & Театр