Ирээдүйн супермодель: Синди Кроуфордын охин Кайя Гербер загварын тайзны гараагаа хийлээ

Тэр одоогоор ямар загварын шоунуудад оролцсон, мөн түүний тайзны алхаа хэр үнэлэгдэж байгааг сонирхоцгооё

Өдгөө 16 настай Кайя Гербер өөрийн Instagram хуудаснаа 1,6 сая дагагчтай бөгөөд Teen Vogue сэтгүүлийн The Iconic Issue нэртэй тусгай дугаарын нүүр хуудсан дээр гарсан туршлагатай нэгэн. Харин саяхан Нью-Йоркийн загварын долоо хоног эхэлснээр Кайя анх удаа загварын тайзнаа алхаж, өөрийн амжилтын жагсаалтыг гурван загварын шоугаар баяжууллаа.

Calvin Klein, хавар-зун 2018

Хамгийн анх Calvin Klein брэндийн шоунд оролцож, дараагаар нь Alexander Wang-ийн шоуг нээх хүндэт эрх хүртсэн тэрээр Кендалл Женнер ба Белла Хадид нарын зэрэгцээ алхаж, загварын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ хүртээд байгаа юм. Кайя өөртөө итгэлтэй, өвөрмөц тайзны алхаа үзүүлсэн бөгөөд бүх хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж, шинээр гарч ирж буй, өсөх ирээдүйтэй од гэдгээ баталлаа.

Alexander Wang, хавар-зун 2018

 

 

Залуу модель мөн хэдхэн цагийн өмнө зохион байгуулагдсан дуучин Рианнагийн Fenty x Puma загварын шоунд оролцож, спорт аястай футуристик төрх бүрдүүлсэн байгаа.

Fenty x Puma, хавар-зун 2018

Хавар-зун 2018 улирлын загварын марафон дөнгөж эхэлж байгаа тул Кайя Гербер цаашид ямар шоунуудад оролцохыг бид цаг тухайд нь хүргэх болно.

Ө.Тодгэрэл

2017-09-11, 17:00