Кайя Гербер 18 нас хүрлээ: Түүний загварын тайз дээрх шилдэг төрхүүд

Загварын тайзнаа гармагц түүний харц ширүүсч, алхаа догшин болж, хөдөлгөөн бүр нь өөртөө итгэлтэй байдлыг илтгэдэг

Есдүгээр сарын 3-ний өдөр буюу өчигдөр Синди Кроуфордын авьяаслаг охин Кайя Гербер 18 нас хүрлээ. Яг хоёр жилийн өмнө өдийд загвар өмсөгчийн карьерээ албан ёсоор эхлүүлж дөнгөж 16 настайдаа томоохон брэндүүдийн тайзнаа алхаж шуугиан тарьсан Кайя алдартай ээжийнхээ ачаар биш өөрийн авьяас чадвараар үнэлэгддэг гэдгийг түүний 2018 онд Fashion Awards наадмаас хүртсэн шилдэг загвар өмсөгчийн өргөмжлөл батлах юм. Кайя хэдий карьерээ эхлүүлээд удаагүй байгаа ч загвар өмсөгч хүний хүрэхийг эрмэлздэг бүх л оргилд хүрсэн гэхэд хилсдэхгүй. Тэрээр Chanel, Valentino, Miu Miu, Prada, Alexander Wang зэрэг байж болох бүх том брэндүүдийн тайзнаа алхаж, хүндэт брэндүүдийг төлөөлөх олон гэрээ байгуулж, олон сэтгүүлийн нүүрийг чимээд авсан. Өдөр тутамдаа Кайя аль болох энгийн байхыг хичээж, "бага байх тусам сайн" гэх дүрмээр хувцасладаг болохоо нэг биш удаа дурдаж байсан. Түүний шүүгээний үндсэн загварууд бол сайн чанарын жийнсэн өмд, цагаан футболка, oversize пиджак болон кет юм. Харин загварын тайзнаа гаран дизайнерын бүтээлийг амилуулах үедээ Кайя танигдахын аргагүй болон дүрдээ 100% орж чаддаг. Түүний харц ширүүсч, алхаа догшин болж, хөдөлгөөн бүр нь өөртөө итгэлтэй байдлыг илтгэдэг. Ингээд түүний төрсөн өдрийг тохиолдуулан runway дээрх шилдэг төрхүүдийг нь эргэн дурсацгаая.

Ө.Тодгэрэл

2019-09-04, 12:00