Клэр Уэйт Келлер Givenchy-г удирдана

Chloé-гоос Givenchy руу

Хоёрдугаар сарын эхээр дизайнер Рикардо Тиши Givenchy ордны бүтээлч захирлын албан тушаалаа орхихоор шийдснээ мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрхүү хоосон суудлыг Клэр Уэйт Келлер эзлэх болсон нь өнөөдөр тодорхой боллоо.

Энэхүү мэдээллийг Givenchy ордон өөрийн Instagram хуудсандаа нийтэлсэн байна. Тэдний мэдээллэснээр Chloé-гийн хуучин бүтээлч захирал Клэр Уэйт Келлер брэндийн бүх охин компаниудыг хариуцах бөгөөд өөрийн анхны цуглуулгыг аравдугаар сард танилцуулах гэнэ.

Клэр брэндийн бүтээлч захирал болсон хамгийн анхны эмэгтэй дизайнераар тодроод байна. Givenchy ордон Клэрийг сонгох болсон шалтгаан нь зөвхөн түүнийг брэндийн урд өмнө нь урлаж байсан язгууртны, тансаг, дэгжин бас өнгөлөг загваруудыг эргэн авчирч чадна гэж найдаж байгаад оршиж байна. 

Chloé-гоос гадна Келлер мөн Gucci ордны эмэгтэй хувцасны ерөнхий дизайнераар ажиллаж, дараа нь Ralph Lauren ба Calvin Klein брэндүүдэд туршлага хуримтлуулж байсан түүхтэй. Түүний орхисон Chloé-гийн бүтээлч захирлын суудлыг Наташа Рамсей-Леви эзлэх болно. Харин Рикардо Тиши одоогийн байдлаар Versace ордонтой хэлэлцээр хийж байна.

Buro.Mongolia

2017-03-17, 13:00

  • Зураг: