Mulberry брэнд загварын ертөнцөд шинэ өнгө аясаар эргэн ирлээ. 1971 онд анх Их Британид үүсгэн байгуулагдсан тус брэнд арьсан эдлэл, эмэгтэйчүүдэд зориулсан гар цүнхний чанартай хийцээрээ дэлхийд танигдсан билээ. Тэгвэл энэ жилээс тус брэндийн бүтээлч захирлаар чамгүй туршлагатай, алдарт дизайнер Кристофер Кейн томилогдож өчигдөрхөн Queen Elizabeth II Centre-т өөрийн анхны шоугаа амжилттай танилцууллаа.
Лондон залуусын хайр хүндэтгэлийг хүлээсэн дизайнер Кристофер өөрийн нэрийн брэндээ хааснаас хойш гурван жилийн дараа загварын тайзнаа хэзээ эргэн ирэхийг олон нийт тэсэн ядан хүлээж байх үеэр тэрээр өөрийн цахим хуудаснаа Mulberry буюу ялам жимсийг бяцалж буй дүрс бичлэг нийтэлжээ. Энэ үйлдэл нь Mulberry брэнд шинээр мэндлэх болно гэсэн сэтгэгдэл хэн бүгдэд төрүүлэхүйц байсан нь ийн биеллээ олжээ. Түүний загварууд нь өдөр тутмын агаад үл ялиг хэтрүүлэгтэй. Жишээлбэл савхин юбка болон гурвалжин энгэртэй ноосон цамцыг адил хэмтэйгээр хэсэгчлэн тайрч цаашлаад материалын баялаг сонголтуудаар цуглуулгаа бүрдүүлсэн байв. Мэдээж брэндийн нэрийн хуудас болсон Bayswater цүнх шинэчлэгдэн танилцуулагдаж загварын тайзнаа эргэн ирсэн юм.
Тус шоуны тэргүүн эгнээнд Анна Шаффер, Анна Винтур, Беверли Нгуен, Кэт Дили, Ч'лита Коллинз, Дэйзи Лоу, Дина Ашер-Смит, Эди Кэмпбелл, Эрин О'Коннор, Иви Хендерсон зэрэг загварын салбарын нөлөө бүхий зочид уригдаж, ирэх оны хавар-зуныг Mulberry брэнд хэрхэн тодорхойлж буйг үзэж танилцлаа.
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт