Nike брэндийн ретро пүүз дахин моодонд орж байна

Белла Хадидын тусламжтайгаар

Nike брэндийн алдарт Cortez загвар 2017 онд өөрийн 45 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Анх гүйлтийн зориулалтаар худалдаанд гаран амжилт олсон Cortez загвар тухайн үеийнхээ поп соёлын нэгэн төлөөлөл болж байсан билээ. Он жилүүд өнгөрсөн ч энэхүү пүүз нь загварлаг хэвээр байна. Дэлхийн том хотуудын street style сурвалжилгыг сонирхоод үзвэл Cortez пүүзээр гангарсан загварын редакторууд ба алдартнууд олноороо харагдана. Тэд 1970-аад оны ретро хэв маягийг эргэн дурсаж, биед эвтэйхэн стиль бүрдүүлэх нь элбэг болжээ.

Алдарт пүүзнийхээ ойн баярт зориулан Nike брэнд анх 1972 онд хэрэглэгчдийн хүртээл болж байсан улаан ба цэнхэр өнгийн оруулгатай, цагаан арьсан загвараа дахин худалдаанд гаргаж байна. Тэд уг төслийн нүүр царайгаар загвар өмсөгч Белла Хадидыг сонгож, хэд хэдэн сурталчилгааны зургууд бэлджээ.

Cortez загвар зургаадугаар сарын 1-нээс эхлэн Nike брэндийн албан ёсны вебсайт дээр 100 доллароор худалдаалагдана.

Ө.Тодгэрэл

2017-05-25, 15:00