Сэтгэл хөдлөлөөр бус хэрэгцээндээ тулгуурлан худалдан авалт хийх аргууд

Та өөрийн хувцасны шүүгээндээ аудитын шалгалт оруулаад үзээрэй. Таны шүүгээг эзэгнэх хувцасны хэдэн хувийг та тогтмол өмсөж байна вэ? Хэрвээ талаас илүү хувь нь өмсөгддөггүй бол магад та сэтгэл хөдлөлдөө автан худалдан авалт хийсэн байж болзошгүйг илтгэж байна. Бид бүгдээрээ л сэтгэл гундуу, тогтворгүй үедээ өөрсдийгөө сэргээх гэж ямарваа нэгэн хэрэгцээ, шаардлага багатай худалдан авалт хийж орхидог. Энэ үед дофамин буюу аз жаргалын даавар их хэмжээгээр ялгарч, сэтгэл ханамжтай мэдрэмж үүсгэдэг боловч, уг даавар маань донтох өвчний шалтгаан болдог гэдгийг бүү мартаарай. Дофамин даавар ялгарч дуусаад шимэгдэн алга болоход хүний биед шарталт үүсдэг бөгөөд энэ нь сэтгэлзүйг улам дордуулж “Би яах гэж ийм хэрэггүй баахан юм мөнгөө үрэн барин авчхав аа” хэмээн харамсахад хүргэдэг. Өөрөөр хэлбэл та хэрэгцээ, шаардлагад тулгуурлаж бус зөвхөн дофамин даавраа ялгаруулж сэтгэл ханамж үүсгэх гэж худалдан авалт хийж буй гэсэн үг. Тиймээс өөртөө зөв хөрөнгө оруулалт хийж, сэтгэл хөдлөлөөрөө бус хэрэгцээ шаардлагад тулгуурласан худалдан авалтын зөв дадал хэвшлийг танилцуулж байна.


Цэгцэл

Юуны өмнө шүүгээнээсээ өмсөгддөггүй хэрэгцээ шаардлага багатай хувцаснуудаа ялгаарай. Боломжтой бол эдгээр хувцаснуудад хэдэн төгрөг зарцуулсныг бодож гаргаад, энэ мөнгөөр юу хийж болох байсныг тооцож үзэх нь таны хожмын худалдан авалтад ухаалаг шийдвэр гаргахад тань туслах болно. Дараа нь буцаах боломжтойг нь буцааж, буцаах боломжгүйг нь интернэт худалдаагаар зарах юм уу аль эсвэл хэрэгцээ шаардлагатай байгаа дотно нэгэндээ бэлэглэсэн ч болно.


Хүлээ

Ямарваа нэгэн хувцас худалдан авахдаа дор хаяж 24 цаг азнаарай. Энэ хугацаанд дараах асуултад өөртөө хариулаарай. Би үүнийг худалдан авахыг урт удаан хүсэн хүлээсэн бил үү? Аль эсвэл харсан даруйдаа авахыг хүссэн үү? Би үүнийг худалдан авахын тулд өр зээл тавьж байна уу? Энэ нь надад үнэхээр хэрэгцээтэй зүйл үү? Үүнтэй адилхан зүйл байгаа юм биш биз? Би үүнийг авлаа гэхэд юутай хослуулж өмсөх билээ? Би үүнийг худалдаж авахыг хүссэн үедээ ууртай, стресстэй, уйдсан байсан юм биш биз? Эдгээр асуултын хариултууд таны худалдан авалт зөв үү буруу юу гэдгийг шийдэхэд тань тусална.


Хэцүү болго

Худалдан авалт хийхэд амар хялбар байх тусам сэтгэл хөдлөлдөө автан хэрэгцээ шаардлагагүй зүйлс авах магадлал ихэсдэг. Тиймээс онлайн худалдааны аппликэйшн дээр таны банкны карт холбоотой байвал салгаж, онлайн шоппинг хийх бүрдээ картынхаа дугаарыг нэг бүрчлэн оруулах байдлаар худалдан авалтаа улам төвөгтэй болго. Аль болох онлайн бус бодитоор дэлгүүр хэсэх нь таны гэнэтийн худалдан авалт хийхээс ихэд сэргийлж өгдөг. Учир нь та дэлгүүрт очихын тулд цаг заваа зохицуулж, өмсөж үзэх, очих зэрэг олон үйлдэл хийх шаардлагатай тул юу авахаа сайтар төлөвлөж бодох нь лавтай.


Төсөвлө

Зөвхөн хэрэгцээндээ тулгуурлаж, сэтгэл хөдлөлөөрөө худалдан авалт ор тас хийхгүй байх нь танд цангалт үүсгэж таны сэтгэл ханамжтай байдалд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Тиймээс та уг төрлийн худалдан авалтад зориулж, хожим хойно харамсахааргүй багахан хэмжээний төсөв гаргаарай. Жишээ нь сар бүр 100 мянган төгрөгөөр сэтгэл хөдлөлийн худалдан авалт хийхээр төсөвлөсөн бол энэ заагаасаа бүү хэтрүүл. Хэрвээ авахыг хүсч байгаа зүйл тань илүү үнэтэй байвал сар болгоны 100 мянган төгрөгөө цуглуул. Цуглуулж байх явцад энэ зүйл тань үнэхээр таны хүсэж мөрөөдсөн зүйл мөн эсэх нь анзаарагдана.

З. Зоригт

2026-04-07, 17:08