Улаан хивсэн дээрх Диснейн гүнжүүд

Гүнжийн даашинзаар гоёсон алдартнууд

Дэлхийн томоохон алдартнууд хүртэл бага насаа эргэн дурсан, Диснейн гүнжийн дүрд хувирахыг хүсдэг. Байж болох хамгийн гоёмсог бөгөөд тансаг даашинз дундаас сонголтоо хийж, хамгийн чадварлаг стилистүүдийн үйлчилгээг авдаг алдартнууд үе үехэн үлгэрийн баатруудаас бүтээлч санаа авч, биднийг гайхшруулах дуртай байдаг. Канны кино наадам үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Victoria's Secret-ийн загвар өмсөгч Эльса Хоск "Үнсгэлжин"-гийн ид шидийг улаан хивсэн дээр авчирснаар бидэнд уг нийтлэлийг бэлдэх санаа өглөө. Alberta Ferretti брэндийн бэлхүүс тодотгосон, дэрвэгэр хормойтой, пастель цэнхэр өнгийн уг даашинз хүн бүрийн харцыг булааж, үдшийн гол сэдвээр тодорсон юм. Эльса мөн үсээ эртний холливүүдийн хэв маягт оруулан очир эрдэнэ чулуутай ээмгээр гоёсон нь түүний үлгэрийн төрхийг төгс бүрдүүлж байв.

Шведийн загвар өмсөгчөөс өмнө үнсгэлжингийн дүрд мөн Клейр Дэйнс ба Блейк Лайвли нар хувирч байсан бол, Бэлийн дүрийг Кейти Холмс амилуулж, Рапунцелийн даашинзыг Кира Найтли өмсөж байсан удаатай билээ. Ингээд улаан хивсний түүхэнд үзэгдсэн хамгийн романтик, үзэсгэлэнтэй, үлгэрийн төрхүүдийг эргэн санацгаая.

Ө.Тодгэрэл

2017-05-25, 16:00