Риккардо Беллини Valentino-г чиглүүлнэ

Есдүгээр сарын 1-ний өдөр үүрэгт ажилдаа орно

Риккардо Беллини 1960 онд үүсгэн байгуулагдсан Италийн Valentino загварын ордны гүйцэтгэх захирлаар томилогдлоо. Тэрээр энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор ажлаа хүлээж авахаар болсон тухай WWD мэдээлж байна.

Риккардо Беллини энэ наймдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн Якопо Вентуринигийн халааг авч байгаа бөгөөд Якопо Вентур тус албан тушаалыг таван жилийн турш хашиж, хувийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Харин Риккардо Беллини тус албыг хашихын зэрэгцээ Valentino, Balmain, Pal Zileri болон Beymen хэмээх нийт дөрвөн брэндийн салбарын стратеги хөгжлийг удирдан чиглүүлэх аж.

“Valentino гэх домог болсон брэндийн нэг хэсэг болж байгаа минь миний хувьд нэр төрийн хэрэг. Тус ордны хувцас загварт оруулсан түүх, бусдаас ялгардаг бүтээлч дуу хоолойтой хосолдог энэ ордонтой хамтран дараагийн түүхээ бүтээхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Риккардо хэлжээ.

Өмнө нь Риккардо Беллини Chloé, Maison Margiela брэндүүдийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай ба тэрээр Chloé-д ажиллаж байх хугацаандаа брэндийн орлогыг хоёр жилийн дотор ойролцоогоор 60 хувиар өсгөж чадсан түүхтэй.

Ц. Усанболор

2025-08-21, 11:07