Velin сэтгүүл: Супер моделиудын эрин үе дахин тохиох уу?

Алхаа, харц нь үл мартагдана

Германы гэрэл зурагчин Питер Линдберг нэгэн ярилцлагадаа супер моделиудын эрин үе дахин тохиох боломжтой юу гэх асуултад “Үгүй дээ, энэ огт боломжгүй. Тухайн үед жинхэнэ хувьсгал өрнөсөн. Өнөө цагийн загвар өмсөгчид үзэсгэлэнтэй ч тэдэн шиг шуугиан дэгдээж чадахгүй. Одоогийн загварын ертөнц 1990-ээд оны супер моделиудын ачаар бий болсон” хэмээн хэлсэн байдаг. Түүний хэлсэн нь хэтрүүлэг биш, харин тухайн цаг үеийн тодорхойлолт. Учир нь тэд зөвхөн гоо сайхны хэмжүүр бус, харин өөр өөрийн өнгө төрх, ертөнцөөрөө ялгарч, эмэгтэй хүний тухай тодорхойлолтыг шинээр тогтоосон юм. Гоо сайхан, хүч чадал, үлгэр дуурайлал, манлайлал — энэ бүхнийг нэг дор тэд л авчирсан билээ.

Adriana Lima and Naomi Campbell

1990-ээд он загварын ертөнцөд урьд хожид байгаагүй нэгэн онцгой үе байв. Загвар өмсөгч гэх ойлголт зүгээр нэг мэргэжил төдий бус, харин соёлын бэлэг тэмдэг болж, дэлхий нийтийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлсөн он жилүүд байсан юм. Тайзан дээр итгэл дүүрэн алхдаг үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэр алдар загварын тайзнаас халин гарч дэлхий нийтийг байлдан дагуулсан супер моделиуд болж тодорсон. Супер модель гэдэг нэршил үзэсгэлэнтэй эмэгтэйн дүр төрхөөс гадна тэр цаг үеийн амьдралын хэв маягийг илтгэж, нийгэмд хүчтэй нөлөөлөн олны зүгээс хүндэтгэл, бишрэл хүлээдэг гоо сайхны музануудыг тодорхойлж байсан гэж хэлж болно.


Тухайн үед загварын ертөнцөд алтан тав хэмээн нэрлэгддэг байсан Наоми Кэмпбелл, Кристи Тарлингтон, Синди Кроуфорд, Линда Евангелиста, Клаудия Шиффер хэмээх бүсгүйчүүд гоо сайхан, эрхэмсэг байдал, хүчирхэг дүр төрхөөрөө бусдаас цойлж гарч ирсэн. Тэд томоохон арга хэмжээнүүдийн гол зочид болж, топ сэтгүүлүүдийн нүүрийг чимж, өөрсдийн бизнесийг нээж, хаана ч явсан гялалзсан од нь байсан. Энэ л үед загварын салбар анх удаа поп соёлтой гүн гүнзгий уялдаа холбоотой болж, моделиуд алдартнуудын статуст хүрсэн билээ.

Claudia Schiffer
Linda Evangelista
Naomi Campbell
Christy Turlington
Kate Moss
Cindy Crawford

Тэд яагаад ийм гоц үзэгдэл болсон бэ? Гол учир нь тэд өөр, өөрийн сэтгэлгээ, мэдрэмж, дотоод нандин оршихуйгаар загварын ертөнцийг өөрчилсөн. Тиймдээ ч тэднийг харах төдийд дотоод дуу хоолойг нь мэдэрч, оршихуйн гүн рүү нь нэвтрэх шиг санагддаг байсан гэлтэй.


Наомигийн зоримог харц, эрч хүчтэй алхаа нь эрх чөлөөг хүсэмжилсэн, анхаарлын төвд байх чадвартай, жинхэнэ хүчирхэг эмэгтэйг харуулсан. Кристигийн уян налархай хөдөлгөөн, зөөлөн харц нь тайвшралыг илтгэхээс гадна тухайн үед шинэлэг байсан түүний эрүүл амьдралын хэв маяг бусад супер моделиудаас онцгойроход нь тусалсан. Америкийн гоо сайхны хосгүй бэлгэ тэмдэг Синдигийн дуу хоолой, өөртөө итгэлтэй хэр нь ухаалаг байдал нь телевизийн дэлгэцээр ч тэр, загварын тайзнаа ч тэр мэдрэгдэж, бусдыг татах ер бусын чадвар түүнээс цацардаг байсан. Тэгвэл “Хамелеон” гэгддэг Линда өөрийн дүр төрхийг хувиргах авьяасаараа загварын хамгийн нэр хүндтэй гэрэл зурагчдын хайртай модель болж чадсан. Харин Клаудия Шиффер энгийн боловч хүчирхэг дүр төрхөөрөө танигдаж, сэтгэл татам инээмсэглэл нь олны хайрыг булаасан билээ.

Тэдний гоо сайхан зөвхөн бие галбир, гадаад төрхөөр хэмжигдээгүй. Тэдний харц түүх өгүүлж, алхаа нь уран сэтгэмж өдөөж, тайзан дээрх оршихуй нь тухайн үеийн нийгмийн хандлага, хүний дотоод хүч, эмэгтэй хүний эрхэм чанаруудыг харуулж байсан. Линда Евангелистагийн "Би 10,000 доллароос бага мөнгөөр орноосоо ч босохгүй" гэсэн алдарт үг тухайн үеийн моделиудын байр суурь, үнэ цэнийг тод илэрхийлдэг.


Тэгвэл 2000-аад оноос хойш загварын ертөнц супер моделиудыг биш, харин хувцсыг голлох үзэл санааг баримталж, “The Prada Effect” гэх тренд үүсэж, нэгэн хэвийн туранхай биетэй, цагаан арьстай, “хүйтэн” төрхтэй моделиуд давамгайлан хувь хүний онцлог дарагдаж эхэлсэн байдаг. Үзүүлж буй хувцас анхаарлын төвд орж, хүний мэдрэмж, илэрхийлэл шахагдаж эхэлснээр супер моделийн эрин үед цэг тавигдсан гэж болох юм.

Харин өнөө цагийн загварын ертөнцөд гарч ирж буй моделиудын ихэнх нь алдартай гэр бүл, эцэг эхийн нэрээр анхааралд өртдөг болжээ. Тухайлбал, Кендалл Женнер, Кайя Гербер, Лила Мосс, Жижи болон Белла Хадид нарын нэрс удам дамжсан нөлөөтэй салшгүй холбоотой. Тэд мэдээж хөдөлмөрлөж, өөрийн жимийг татуулан яваа ч олны нүдэнд тэдний хүч хөдөлмөрөөс илүүтэйгээр гарал үүсэл нь давамгай харагддаг нь үнэн.

Иймд өөрийн дотоод хүч, цэвэр авьяасаар тодрон гарч ирдэг “од” ховордсоор л байна. Хэрэв бид гоо үзэсгэлэнг зөвхөн дүр төрхөөр бус, дотоод ертөнц, харцны цаадах түүхээр нь харж, юун түрүүнд хувь хүний онцлогийг нь үнэлэхийг хүсвэл шинэ эрин үеийн супер модель дахин мэндэлж мэдэх билээ.

Ц. Усанболор

2026-10-31, 15:28