Карантинаас гарч ирэхдээ бүрдүүлэх 3 ганган төрх

Гэрийн болон бэлтгэлийн хувцаснаас залхсан бол дараах 16 хээнцэр загварт анхаарлаа хандуулаарай

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээс хойш, өдгөө бараг зургаан сарын турш дэлхийн хүн амыг сандаргаад буй коронавирусын улмаас бид хөл хорионы дэглэмийг сахиж, аль болох гэртээ байхыг хичээн, ихэвчлэн биед эвтэйхэн гэрийн болон бэлтгэлийн хувцас өмсөж байгаа билээ. Гэхдээ загварт хайртай хэн бүхэн яг одоо энгийн хувцаснаас залхаж, хувцасны шүүгээн дэх хамгийн хээнцэр, ганган бүхнээ нэг дор өмсөхийг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэдгээр уншигчиддаа зориулж бид энэ зун бүрдүүлэх гурван гоёмсог төрхийг бэлтгэлээ. Боломж гармагц хэрэгжүүлээрэй!

Цамц загварын цагаан даавуун даашинз тэгш бус хэмтэй, өвөрмөц эсгүүртэй байх үедээ илүү загварлаг харагддаг. Мөн ийм төрлийн даашинзыг өдтэй гар цүнх, торгон материалтай сандаал, аварга том ээмэг зэрэг тод өнгийн, анхаарал татам аксесуаруудтай хослуулахад төгс байдаг.

Төрхөө ердөө хоёр өнгөөр бүрдүүлсэн байхад олон сонирхолтой деталь нэмсэн ч төрх тань хэт хичээсэн, хэтрүүлэгтэй харагдахгүй. Цацагтай гар цүнх, урт үдээстэй сандаал, өргөн гинжтэй хүзүүний зүүлт, нарны шил зэрэг аксесуаруудыг харамгүй нэмээрэй.

Үдшийн болзоо, тэмдэглэлт үйл явдал, коктейль үдэшлэг зэрэгт нэн тохиромжтой, тансаг төрх. Энэ төрхийг бүрдүүлэхдээ богино топыг анхаарал татам дизайн бүхий өндөр суудалтай юбкатай хослуулж, цасан цагаан урт нимгэн тренч, дарсны улаан сандаал болон топныхоо өнгөтэй ижил өнгийн гинжин оосортой цүнхээр чимээрэй.

Buro.Mongolia

2020-05-21, 14:00