Street style: Victoria’s Secret загварын шоуны сонгон шалгаруулалт дээрх моделиуд

Загвар өмсөгчид street style чадвараа харууллаа

Victoria's Secret брэндийн удирдлагууд загварын тайзны шинэ од хайх сонгон шалгаруулалтаа энэ оны эхээр эхлүүлсэн бөгөөд яг одоогийн байдлаар эцсийн шийдвэр гаргах үе шатан дээрээ явж байна. Адриана Лима, Алессандро Амбросио болон бусад сахиусан тэнгэрүүдийн эгнээнд элсэхийг хүсэж буй олон зуун охид саяхан хамгийн сүүлийн сонгон шалгаруулалтад оролцохоор Нью-Йорк хотод байрлах брэндийн төв оффис дээр цугларсан байгаа. Өрсөлдөөн ширүүн явагдаж байгаа энэ үед загвар өмсөгчид бие галбир ба хувцаслалтдаа онцгой анхаарал хандуулж, street style зурагчдын дунд дуулиан үүсгэлээ.

Энгийн атлаа нарийн мэдрэмжтэй хувцасласан ихэнх моделиуд бариу жийнсэн өмд, богино топ, мини юбка ба өндөр өсгийт гэх загварууд сонгож, юуны түрүүнд өөрийн нарийн бэлхүүс, урт хөлийг тодотгосон байлаа. Үргэлж биед эвтэйхэн хувцас өмсдөг загвар өмсөгч Лю Вэнь богино жийнсэн юбка ба цагаан кет өмссөн бол, Victoria's Secret-ийн ахмад моделиудын нэг Изабель Гулар мөр ил гаргасан цацагтай топоор гоёж, харин сахиусан тэнгэр Жасмин Тукс зуны романтик даашинзыг жийнсэн хүрэмтэй хослуулсан харагдлаа. Түүнчлэн Victoria's Secret-ийн тайз дээр анх удаа гарахыг зорьж буй олны танил модель Хейли Болдуин хагас гэрэлтсэн топ сонгож, бусад моделиудтай эн зэрэгцэн алхлаа.

Ө.Тодгэрэл

2017-08-23, 11:00