2018 оны чиг хандлага: Цэцгэн хээ

Дизайнерууд сонгодог хээний шинэ хувилбаруудыг танилцуулсаар байна

Дизайнерууд жил бүрийн хавар-зуны улиралд цэцгэн хээг ямар нэгэн байдлаар онцолдог уламжлалтай. 2018 он ч бас дахин нэг удаа цэцгэн хээний тунхаглал боллоо. Энэ улиралд нөлөө бүхий дизайнер бүр өөрийн шинэ цуглуулгаараа дамжуулан сонгодог хээний шинэ хувилбаруудыг танилцуулжээ.

Тухайлбал Off-White брэндийн хавар-зуны цуглуулгад 1980-аад оныг санагдуулам том хэмжээ бүхий цэцгэн хээтэй, атлас материалтай хослол ба комбинзон орсон байлаа. Баялаг өнгөтэй, цээнэ цэцгийн аварга том дүрслэлүүд хар-цагаан өнгийн фон дээр байршсан нь бүр ч ихээр анхаарал татаж байсан юм.

Харин Erdem брэндийн бүтээлч захирал Эрдем Моралиоглу бараг цуглуулга бүрдээ цэцгэн хээ оруулдаг атлаа үргэлж шинэлэг байж чаддаг нь үнэхээр гайхалтай. Тэрээр энэ хавар-зуны улиралд бүхэлдээ жижиг цэцэгсээр бүрхэгдсэн тод өнгийн урт даашинзууд санал болгосон байгаа.

Erdem брэндтэй бага зэрэг төстэй атлаа илүү байгалийн өнгөтэй, франц маягийн романтик уур амьсгалтай хувилбарыг Chloé брэндээс олох боломжтой. Мөн цэцгэн хээний хамгийн өвөрмөц дизайныг Кристофер Кейн харууллаа. Дизайнер цэцгэн хээтэй загваруудаараа дамжуулан бүхэл бүтэн түүх өгүүлсэн байлаа. Жижиг хээтэй хар өнгийн халаат маягийн даашинз бол чөлөөт цагаараа тийм ч даруухан байдаггүй гэрийн эзэгтэй нарыг төлөөлж байгаа юм.

Buro.Mongolia

2018-04-17, 11:00

  • Зураг: