“Аавын” жийнсэн өмд мооданд орлоо

“Ээжийн” жийнсэн өмдний оронд

Бидний аавуудын 1990-ээд онуудад өмсдөг байсан цайвар цэнхэр өнгийн, бага зэрэг сул загвартай, хатуу жийнсэн материалтай өмднүүдийг санаж байна уу? Тийм ээ, энэ загвар нь одоо эргээд моодонд орлоо. Гэхдээ энэ удаад эрчүүдэд биш, харин эмэгтэйчүүдэд зориулагдаж байна.

Ерөнхийдөө загварт яг одоо ретро гэсэн бүхий л зүйлс тренд болж, тэр дундаа 1990-ээд онууд хүчээ авсан байгааг анзаарахгүй байхын аргагүй. Том хотуудын гудамжинд алхах загварлаг бүсгүйчүүд сонгодог даашинз ба өндөр өсгийт гэхээсээ илүү хөлд эвтэйхэн нүсэр том хэмжээтэй пүүз, сул жийнсэн өмд, өргөн мөртэй пиджак гэх хуучинсаг загвараар гоёдог болсон шүү дээ. Харин алдартнууд дундаас "аавын" жийнсэн өмдний трендийг дэлгэрүүлж байгаа гол хүмүүс бол Виктория Бекхэм ба Кендалл Женнер нар юм. Тэд энэ загварыг oversize пальто, хоолойтой ноосон цамц, энгийн цагаан футболка зэрэг хувцаснуудтай хослуулж, доогуур нь илүү дэгжин харагдахыг хүсвэл өндөр өсгийт эсвэл илүү өдөр тутмын төрх бүрдүүлэхийг зорьвол үзэмжгүй пүүз өмсдөг байгаа. Ер нь бол ийм төрлийн жийнсэн өмдийг ямар ч хувцастай хослуулах боломжтой.

"Boyfriend" ба "ээжийн" жийнсэн өмднүүдийн давлагаа намжсан тул шинэ чиг хандлагад анхаарлаа хандуулаарай.

Ө.Тодгэрэл

2018-03-16, 11:00