Энэ долоо хоногийн таван street style аргачлал

Сэрүүн өдрүүдэд тохиромжтой

Сүүлийн өдрүүдэд тасралтгүй бороо орж, хүйтэн салхи сийгэж зуны дулаан цаг уур ор сураггүй алга боллоо. Үүнтэй холбогдуулан бид танд зунаас намрын улирал руу шилжих таван хувцаслалтын санааг хүргэж байна

Хэлбэргүй түрийтэй гутал + хээтэй нимгэн даашинз + өргөн бүс

Энэ намар-өвөл 2017 улиралд тренд болж байгаа үндсэн гутлуудын нэг бол хэлбэргүй түрийтэй загвар юм. 1980-аад оны энэ гутлыг өвдөг давсан хээтэй даашинзтай хослуулбал бага зэрэг ретро уур амьсгалтай атлаа cool төрх бий болно. Хамгийн гол нь ерөнхий хувцаслалтынхаа пропорцыг хадгалах үүднээс өргөн бүс бүсэлж, бэлхүүсээ тодотгох хэрэгтэй гэдгийг санаарай.

Хар хувцас+ нарийн хэлбэртэй шил +урт хүрэм = Матрикс стиль

1990-ээд оны загвар эргээд моодонд орсонтой холбогдуулан бүсгүйчүүд тухайн үеийн шилдэг кинонуудын нэг "Matrix"-аас санаа авч, бүхэлдээ хар өнгийн хувцаслалт бүрдүүлж байна. Хар өнгийн хувцсыг урт хүрэмтэй хослуулж, нарийн хүрээтэй этгээд нарны шил зүүснээр та яг л Неогийн найз бүсгүй Тринити шиг харагдана.


Ноосон цамцаа мөрөн дээрээ тохох

Гадуур хувцсаа мөрөн дээрээ тохох аргачлал загварлаг бүсгүйчүүд дунд алдартай гэдгийг уншигчид маань сайн мэдэх байх. Тэгвэл одоо 1960 ба 1970-аад онуудад анх алдаршсан преппи стилийн нэгэн шинж тэмдэг буюу ноосон цамцаа мөрөн дээрээ тохох, уях аргачлал эргэн хүчээ авч байна. Бороо, салхи ихтэй энэ хүйтэн өдрүүдэд дулаан цамцаа бэлэн авч явах хэрэгтэй шүү.

Oversize пиджак + богино юбка + хагас түрийтэй гутал

Намрын бас нэгэн гол тренд бол эрэгтэй эсгүүртэй пиджак ба хослол юм. Бага зэрэг oversize эсгүүртэй пиджакийг энэ улиралд сул брюк өмд, эсвэл богино юбкатай хослуулбал гоёмсог харагдана.

Ноосон цамц + slip даашинз

Энэ зуны турш ноёрхсон унтлагын хэв маягтай slip даашинзаа хараахан бүү далд хийгээрэй. Уг даашинзын дотор урт ханцуйтай ноосон цамц өмссөнөөр та дуртай трендээ хүйтэн улиралд ч бас хэрэгжүүлэх боломжтой юм.

Ө.Тодгэрэл

2017-08-24, 17:00