Миланы загварын долоо хоног дах арван нэгэн гол тренд: намар-өвөл 2016

Танд хэрэгтэй тэмдэглэл

Загварын ертөнцийн чиг хандлага нэг улирлаар түрүүлж явдаг уламжлалтай. Тиймээс л бид дөнгөж хавар болж байхад ирэх намар, өвөл ямар загвар тренд болох тухай ярьж байгаа хэрэг. Тэгэхээр хэн түрүүлж харж, түрүүлж алхахыг хүсч байна вэ? Тэр бүх бүсгүйчүүдэд танилцуулах 11 трэндийг эндээс харна уу

Тод өнгө

Миланы загварын долоо хоногийн үеэр Жиоржио Арманигаас бусад бүх дизайнерууд шинэ цуглуулгадаа тод өнгө орууллаа. Тэр дундаас шар өнгө хамгийн эрэлттэй байж, тод өнгөнүүдийн хаанаар тодорсон юм. Пастель туяанууд ч бас багагүй үзэгдлээ.

Геометрийн дүрс

Бид бүгдийн арван жилдээ үздэг байсан геометрийн дүрснүүд Миланы загварын тайзыг дүүргэж өглөө. Дизайнерууд төрөл бүрийн дүрсийг тод өнгөөр будаж, загварууддаа оруулсан байна.

Судалтай хээ

Тод өнгө ба геометрийн дүрс гэх дээрх хоёр чиг хандлага нэгдэж, өнгө өнгийн судалтай хээг бий болгосон юм. Дөрвөлжин хээ зарим нэг дизайнеруудын бүтээлд үзэгдсэн ч, судалтай хээг гүйцсэнгүй.

Хатгамал ба наамал

Gucci брэндийн бүтээлч захирлаар Алессандро Микеле тодорсноос хойш энэ чиг хандлага улирал бүр загварын ертөнцөд ноёрхох болсон. Дольче, Габбана ч мөн адил цуглуулгадаа хатгамал, наамал зэрэг чимэглэл ашиглах дуртай байдаг. Тэдний энэ удаагийн гүнжийн сэдэвтэй загварууд үлгэрийн баатруудын дүрс бүхий хатгамлаар баялаг болсон байгаа.

Уртаашаа чиглэлтэй цахилгаан

Миланы дизайнерууд цахилгааныг заалтынх нь дагуу биш, харин гоо зүйн зориулалтаар ашиглах болжээ. Даашинз ба цамцны энгэрийг чимэх, аль эсвэл юбканы хормой дагуу гүйх цахилгаан ердөө л чимэглэлийн чанартай юм.

Аварга том свитерууд

Намар-өвөл 2016 улиралд хэтэрхий урт ханцуйтай төдийгүй аварга том эсгүүртэй свитерууд моодонд орох нь ээ. Дулаахан бас эвтэйхэн энэ тренд хүйтний өдрүүдэд хамгийн тохиромжтой сонголт байх болно.

Гялалзуур чимэг

Гялалзсан материалтай хувцаснууд өмнөх загварын долоо хоногуудад ч мөн адил үзэгдсэн. Гэхдээ Миланы загварын долоо хоног гялалзуур чимэглэл дээр илүү төвлөрчээ. Даашинз, юбка, цамц, пальто, богино хүрэм гэх зэрэг загварууд том ба жижиг гялалзуур чимэглэлээр бүрхэгдсэн харагдлаа.

Хуниас

Дундаж урттай, хуниастай юбкыг хамгийн анх дизайнер Алессандро Микеле алдаршуулж өгсөн юм. Түүнээс хойш олон дизайнерууд хуниастай хувцаснууд танилцуулах болсон билээ.

Цэргийн сэдэв

Лондонгийн загварын долоо хоногийн үер дизайнерууд цэргийн шинель маягийн пальтонууд танилцуулж байсан бол Миланд тугалган цэргийн хүрэм ноёрхлоо.

Нөмрөг

Ирэх, намар өвөл дулаан уур амьсгалтай газар байх хүмүүс зузаан хүрэмний оронд ийм дэгжин нөмрөг өмсөж болох нь ээ.

Савхин материал

Лондонгийн загварын долоо хоногт савхин материал нэлээд хүчээ авж байгаа харагдсан. Миланд ижилхэн нөхцөл байдал үүсчээ. Савхин шоорт, хослол, пальто гэх зэрэг загваруудыг анхааралдаа аваарай.

 

Ө.Тодгэрэл

2016-03-09, 11:00

  • Зураг: