Шинэ тренд: "Рефлектив" буюу гэрэл ойлгогч материал

Этгээд, содон хувцаслах дуртай хүн бүрт

Рефлектив буюу гэрэл ойлгогч материалыг 1965 онд замын ажилчид, барилгачдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Их Британи улсад бүтээж байжээ. Харанхуй орчинд гэрлийг өөр дээрээ ойлгогч уг материалыг 1999 онд дизайнер Александр Маккуин Givenchy брэндэд зориулсан загварууддаа шингээн хэрхэн загварлаг байдлаар ашиглаж болохыг харуулсан юм. Түүнээс хойш Nike, adidas брэндүүд рефлектив материалтай спорт загварын хүрэм, пүүз зэргийг бүтээсэн билээ. Тэгвэл яг одоо гэрэл ойлгогч материал нь ахин дизайнеруудын анхааралд өртөөд байна.

Тухайлбал Vetements брэндийн бүтээлч захирал Демна Гвасалиа 2018 оны намар-өвлийн улиралд зориулан гэрэлтдэг материалаар хийгдсэн oversize загварын куртка, өндөр өсгийтийг танилцуулсан бол, дизайнер Жон Гальяно Maison Margiela-гийн кутюр цуглуулгад зориулан илүү этгээд, футуристик хэв маягтай загваруудыг бүтээжээ. Түүнчлэн уг материал нь Calvin Klein брэндийн ажилчны өмсгөлөөс сэдэвлэсэн загваруудад деталь хэлбэрээр орсныг дурдаж болох юм.Рефлектив материалтай хувцсыг өмсөхөд тодорхой дүрэм гэж байхгүй бөгөөд бусдаас этгээд, содон хувцаслах хүн бүрт туршиж үзэхийг санал болгож байна.

Buro.Mongolia

2018-11-07, 16:43