Дижитал эрин үеийн чимээгүй тахал: Ганцаардал

ХХ зуунтай харьцуулахад өнөө цагийн хүн төрөлхтөн дэлхийн хаанаас ч хэнтэй ч төвөггүй холбогддог дижитал хөгжлийн гайхамшигт эрин үед амьдарч байгаа билээ. Гэвч энэхүү амьд бус цахим холбоо нь нийгмийн ганцаардлыг бууруулсангүй, харин ч өмнө нь байгаагүй хэмжээнд ихэсгэж, аюултай түвшинд хүргэжээ. Cigna эрүүл мэндийн байгууллагын 20,000 гаруй насанд хүрэгчдийг хамруулсан судалгаанд 18-аас 22 насны GenZ үеийнхний 73% нь "байнга эсвэл заримдаа ганцаарддаг" гэж уг асуумжид хариулжээ. Түүнчлэн Meta компани Gallup судалгааны байгууллагатай хамтарсан дэлхийн 142 орны насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь хүнд хэлбэрийн ганцаардалтай гэсэн дүгнэлтийг гаргасан нь зөвхөн залуу үеийнхний асуудал биш гэдгийг харуулж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэхүү нийгмийн ганцаардлыг өнөө цагийн хүн төрөлхтний эрүүл мэндийн гол заналхийлэл хэмээн үзэж тусгай комисс байгуулан ажиллаж байгаа бөгөөд Японы засгийн газрын сайд нарын танхимд ч “Ганцаардал ба нийгмээс тусгаарлагдах асуудал хариуцсан” сайд гэх тусгай албан тушаалыг хүртэл шинээр бий болгоод байгаа юм.

"Her" 2013

Ганцаардлын сөрөг нөлөө

Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш сүргээр амьдарч ирсэн амьтны төрөл зүйл бөгөөд өөрийн омгоос салан тусгаарлагдаж ганцаар болох нь араатан амьтанд бариулах зэрэг аюулт нөхцөлтэй тулгарах магадлалыг ихэсгэдэг байжээ. Хэдийгээр өнөө цагийн оюун ухаант хүн ганцаараа байхдаа ч эдгээр эрсдэлт хүчин зүйлээс ангид байх боломжтой ч олон сая жилийн хувьслын явцад ганцаардаж буй хүний биед аюулаас сэргийлэх стрессийн дааврууд болох кортизол, адреналин нь автоматаар ялгардаг болсон байна. Өөрөөр хэлбэл ганцаардах мэдрэмж төрөх үед таны ухамсраас үл хамааран бие махбод тань үүнийг аюултай нөхцөл үүсчихлээ гэж хүлээж авах юм. Ганцаардах мэдрэмж нь удаан үргэлжлэх үед кортизол, адреналин нь ч мөн удаан хугацаанд биед ялгарснаар стрессийн гаралтай өвчнүүд болох дотор эрхтнүүдийн архаг үрэвсэл, дархлаа буурах, даралт ихсэх цаашлаад цус харвахад ч хүргэж болдог. Тиймээс ганцаардал нь өдөрт 15 ширхэг тамхи татсантай адил хортой ч гэж зарим мэргэжилтнүүд үздэг байна.

"Little miss sunshine" 2006

Ганцаардалтайгаа тэмцэцгээе...

Өнөө цагт бид хооллолт, дасгал хөдөлгөөнд анхаардаг шигээ хайртай дотно хүмүүстэйгээ цахим бус амьд харилцаа үүсгэх нь эрүүл оршин байх үндэс болж байна. Пенсильванийн Их Сургуулийн туршилт судалгаагаар сошиал медиа ашиглах хугацаагаа өдөрт 30 минут хүртэл хязгаарлахад, оролцогчдын ганцаардал болон сэтгэл гутралын түвшин гурван долоо хоногийн дотор мэдэгдэхүйц буурсан нь тогтоогджээ. Тиймээс та эрүүл мэнддээ анхаарч дасгал хийж, витамин уухаасаа өмнө итгэлт найзтайгаа болзож, амьд харилцаа үүсгэхэд цаг гаргаарай. Учир нь энэ дижитал эрин үед өөрийн бие болон сэтгэлзүйдээ хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт бол дэлгэцийн цаадах “like” биш, чин сэтгэлийн нөхөрлөл юм.

"The virgin suicides" 1999

"The Perks of Being a Wallflower"2012 

З. Зоригт

2026-09-23, 15:08