Монголчууд сархад зооглосны дараах шарталтын шинжүүдийг “зараа залгисан мэт” хэмээн аман ярианд хэрэглэдэг. Энэхүү зүйрлэл ямар оновчтой болохыг бид бүгд амьдралдаа нэг бус удаа биеэр мэдэрсэн биз ээ. Харин энэ таагүй мэдрэмжийн цаана яг ямар өөрчлөлтүүд бидний биед явагдаж байдаг бол?
Архи, согтууруулах ундааны найрлагад агуулагдах этанол нь хүний тархины үйл ажиллагааг дарангуйлан согтоодог гол бодис юм. Этанол бие махбодод ормогц, элэгнээс ялгарах ферментүүд түүнийг задалж хоргүйжүүлдэг. Энэхүү задралын явцад ацетальдегид хэмээх завсрын бодис үүсдэг бөгөөд энэ нь элэгний эсийг гэмтээж, үрэвсэл үүсгэхэд хүргэдэг хорт нэгдэл юм. Бие махбод ацетальдегид болон архины задралын бүтээгдэхүүнүүдийн нөлөөнд өртөх үед дотор муухайрах, бөөлжих, бие янгинах, халуу шатах зэрэг хордлогын шинжүүд илэрч болно. Бөөлжих нь архины хордлогын үед бие махбод өөрийгөө хамгаалах зорилгоор илүүдэл хорт бодисыг гадагшлуулах оролдлого юм. Мөн архийг задлах ферментийн идэвх, генетикийн онцлог болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан зарим хүмүүс бусдаас амархан согтдог. Энэ нь архины нөлөөнд илүү мэдрэмтгий байгааг илтгэж болох тул хэрэглээгээ хянах шаардлагатайг сануулж буй биеийн дохио гэж үзэж болно.
Архи, согтууруулах ундаа нь тархины үйл ажиллагааг дарангуйлснаар өнчин тархинаас ялгарах антидиуретик даавар (ADH)-ын хэмжээг бууруулдаг. Уг даавар нь шээс ялгаралтыг зохицуулж, биеийн шингэний тэнцвэрийг хадгалах чухал үүрэгтэй. Гэвч ADH дааврын ялгаралт буурснаар бөөр ердийнхөөс илүү их хэмжээний шингэнийг шээсээр гадагшлуулж эхэлдэг. Үүний улмаас бие махбод усгүйжиж, эд эрхтний шингэний хэмжээ багассанаар толгой өвдөх, ам хатах, ядарч сульдах зэрэг шинжүүд илэрдэг. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэж байх үедээ шингэнээ тогтмол нөхөх нь чухал. Тодорхой тогтсон хэмжээ байдаггүй ч зарим мэргэжилтнүүд нэг хундаганы араас нэг стакан ус уухыг зөвлөдөг.
Шээсээр шингэн ихээр гадагшлах үед зөвхөн шингэн төдийгүй натри, кали, магни зэрэг чухал эрдэс бодисууд мөн алдагддаг. Эдгээр эрдэс нь булчингийн агшилт, мэдрэлийн дамжуулалт болон зүрхний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Бие махбод эрдэс бодисын дутагдалд ороход гар хөл салганах, булчин сулрах, тамирдах зэрэг шинжүүд илэрдэг. Мөн зүрх дэлсэх, хэм алдагдах зэрэг илүү ноцтой шинжүүд ч ажиглагдах боломжтой. Шартсан үед бэлэн гоймон, шөлтэй хоол зэрэг давс ихтэй зүйл идмээр санагддаг нь алдсан натри болон бусад эрдэс бодисоо нөхөх гэсэн биеийн хариу урвалын нэг хэлбэр юм.
Архи, согтууруулах ундаа хэрэглэх үед тархины шагналын төв идэвхжиж, допамин болон эндорфин зэрэг таатай мэдрэмж төрүүлдэг дааврууд ихээр ялгардаг. Энэ нь хүмүүст тайван, таатай мэдрэмж төрүүлдэг. Гэвч бие махбод тархины үйл ажиллагааны тэнцвэрийг хадгалахын тулд эсрэг үйлчилгээтэй механизмуудыг идэвхжүүлдэг. Үүний үр дүнд кортизол болон динорфин зэрэг дааврын нөлөө нэмэгдэж, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Иймээс шарталтын үед түгших, цочромтгой болох, сэтгэл тавгүйрэх, гуниглах зэргээр зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн шинжүүд ч мөн илэрдэг байна.
Эцэст нь дүгнэхэд шарталт бол архины хор нөлөө бие махбодод бодитоор илэрч буй дохио юм. Ацетальдегидийн нөлөө, усгүйжилт, эрдэс бодисын алдагдал, дааврын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлс давхар нөлөөлснөөр бидний мэдэх тэрхүү “зараа залгисан мэт” мэдрэмж үүсдэг байна. Үүнээс гадна нойрны хямрал, үрэвслийн урвал болон бодисын солилцооны өөрчлөлтүүд ч шарталтын шинж тэмдгийг улам хүчтэй болгодог. Шарталтыг бүрэн арилгах шидэт арга одоогоор байхгүй бөгөөд хамгийн үр дүнтэй арга нь архины хэрэглээгээ хянах, шингэн болон шим тэжээлээ нөхөх, хангалттай амрах явдал юм. Биеийнхээ илгээж буй эдгээр дохиог анхааралтай сонсох нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй алхам билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт