Эрүүл хосын харилцаа үүсгэхэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Ном эсвэл кинонд гардаг шиг төгс харилцааг үүсгэнэ гэдэг мэдээж боломжгүй зүйл. Гэхдээ эрүүл харилцааг бий болгоход мөрдвөл зохих суурь дүрмүүд байдгийг сэтгэл зүйчид онцолдог байна.

Хурд

Хүн бүр хосын харилцаандаа харилцан адилгүй хурдаар ханддаг. Зарим нэг нь алхам бүрээ төлөвлөж хосынхоо хувийн орон зайд нэвтрэлгүйгээр урагшлахыг хүсдэг бол зарим нь хэдхэн болзооны дараа хамт амьдрах талаар бодож амждаг. Тэгвэл аливаа харилцааг эрүүл байлгахад хосууд хоорондын хэмнэл нэгэн жигд байх нь чухал юм. Хэрэв хамтрагч тань хэт их яарч эсвэл бүх зүйл дээр удаашралтай, тэр ч бүү хэл өөрөөсөө холдуулах хандлагатай бол ярилцах цаг ирсний дохио билээ.

Итгэл

Таныг үргэлж ямар нэг зүйлд сэрдэж, эцэс сүүлдээ хийгээгүй зүйлээ нотолж харуулахад тулаад байна уу? Энэ бол хамтрагчийн тань өөртөө итгэлгүй байдал таны сэтгэл хөдлөлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаагийн илрэл юм. Эсвэл эсрэгээрээ та өөрөө хамтрагчдаа эргэлзэж, элдэв таамгуудаар оюун санаагаа чилээгээд байгаа бол хортой харилцаа руу аажмаар орж байгаагийн шинж билээ. Тиймээс харилцаагаа эрүүл байлгахын тулд хов жив, төсөөлөлдөө авталгүй чин сэтгэлийн яриаг өрнүүлэхийг эрмэлзэж, хамгийн гол нь итгэлцлээ хадгалж харилцааныхаа үнэ цэнийг бүү унагаарай.

Хувийн орон зай

Ямар ч аз жаргалтай, удаан үргэлжилсэн хосын харилцаанд өөр хүрээллийн найзууд, эсрэг тэсрэг сонирхол, харилцан адилгүй хоббид зориулсан орон зай байх ёстой. Хамтрагчтайгаа дотносох нэрийдлээр эдгээр зүйлсээ хөсөрдүүлэх нь хэтэрхий том золиос юм. Харин өөрийн байр сууриа аль болох найрсгаар, хэлцэлд суурилан илэрхийлэхийг зөвлөе.

Эрх тэгш нөхцөл

Хосын харилцаанд үл ойлголцолтой мэдээж тулгардаг. Харин үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаагаас харилцаа эрүүл үү, үгүй юу гэдэг нь харагдана. Санал зөрөлдөх бүртээ тулааны талбар шиг орчныг үүсгэх үү, эсвэл талуудын хүсэл, зорилгыг эрх тэгш тусгадаг харилцааг бий болгох уу гэдэг нь зөвхөн танаас шалтгаална.

Инээд хөөр

Хосын харилцаанд үүрэг, хариуцлагаас гадна инээд, хөөр чухал үүргийг гүйцэтгэдэг. Аль болох сэтгэл санаагаар тайван, ноцтой зүйлд санаагаа чилээхгүй байх нь нийгмээс авсан стрессээ тайлах нэг төрлийн эмчилгээ юм.

Buro.Mongolia

2022-02-15, 17:36