Дөрөвдүгээр сарын зурхай: Саад бэрхшээлийг даван туулсан таатай үе тохиож байна

Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2026 оны дөрөвдүгээр сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.


Хонь

Дөрөвдүгээр сар бүхэлдээ хонины ордныхны хувьд эрч хүчтэй, илүү зоригтой сар байх ба аливаа зүйлийг хийж бүтээхэд саад бэрхшээлгүйгээр даван туулах боломжоор хангана. 9-ний өдөр Ангараг гараг хонины орд руу шилжилт хөдөлгөөн хийх бол 14-ний өдөр Буд гараг хонины орд руу орсноор та илүү шийдэмгий, өөртөө итгэлтэй болно. Харин дөрөвдүгээр сарын 17-ны өдөр шинэ сар таны ордод гарснаар та илүү зоригтой алхмуудыг хийх боломжоор хангагдана. Мөн энэ үед таныг сул дорой болгодог айдас идэвхжиж, та юунаас айж байна, ямар учир шалтгааны улмаас санаа зовнил үүсэж буй, өөртөө итгэлгүй болж байгаа шалтгааныг олж илрүүлэх шаардлагатай бөгөөд тэдгээрийг чөлөөтэй тавьж явуулах шаардлагатай. Нөгөөтээгүүр Нар гуравдугаар сарын 20-ний өдөр таны орд руу орсон нь таныг идэвхтэй өөрийн ажил, амьдрал, карьер, зорилго тэмүүллийнхээ араас зоригтой алхмуудыг хийх бүрэн боломжоор хангаж байна. Энэ сар гэмтэл, бэртэл авахаас зайлсхийж, бусадтай хэрүүл тэмцэл хийхээс сэрэмжлээрэй. Түүнчлэн энэ сар ихэнх хонины ордныхны төрсөн өдөр тохиодог тул та ирэх жилээ төлөвлөж, өмнөх жилээ дүгнэхэд тун таатай.


Үхэр

Гарч буй эл сар таны хувьд нийгэмшил, хүрээлэл, нийгэмд тань эзлэх байр суурьт эерэг нөлөө үзүүлнэ. Таны өмнө тулгараад буй саад бэрхшээл, урт хугацааны зорилгоо тодорхойлсон алхмуудыг хийж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх боломжоор хангагдана. Түүнчлэн үхрийн ордныхны хувьд шинэ хүрээлэлтэй болж, тулгараад буй аливаа саад бэрхшээлийг шийдэхэд нэн таатай. Ангараг, Сугар, Буд гарагууд дөрөвдүгээр сарын ихэнх хугацаанд таны далд ухамсар, оюун санаатай холбогдсоор байх болно. Энэ үед та зүүд нойроо манаж, эрүүл мэнддээ анхаарч, дотоод сэтгэлзүйгээ хэрхэн зөв залж, зөв чиглүүлэх үү гэдгийг сайтар бодож тунгаах хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын 19-нд Нар үхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийх ба энэ үед та бодлого гаргаж, том зоригтой алхмуудыг хийхэд нэн тохиромжтой. Мөн дөрөвдүгээр сарын бүхий л хугацаанд өөрийн дотоод хүнээ сонсож, сэтгэлзүйн асуудлуудаа ухамсарлаж, өөрийгөө олж нээхэд илүү нөлөө үзүүлнэ.


Ихэр

Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийх ба тус хөдөлгөөн нь ихрийн ордныхны хувьд чухал нөлөө үзүүлнэ. Учир нь ихрийн ордыг Буд гараг удирддаг ба энэхүү шилжилт нь ажил, карьер дээр тулгамдаад буй асуудлуудыг шийдэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Ялангуяа дөрөвдүгээр сарын дунд үе бол таны хувьд нийгэмшил, хүрээлэл, байр суурийг бататгаж, өргөжүүлэх боломжоор хангана. Буд гараг гурван удаа ухрах хөдөлгөөн хийх ба эдгээр нь танд өөрийгөө эргээд олж харах, зөв чиглэлийг олоход тус болно. Харин 17-ны өдөр гарах шинэ сар таны дутуу орхигдуулсан зүйлүүдийг эргэн олж харж, сайтар тунгааж бодож, зөв чиглэлийг олж харах эерэг нөлөө үзүүлнэ.


Мэлхий

Дөрөвдүгээр сар бүхэлдээ мэлхийн ордныхны хувьд хэнийг ч дагуулахгүй амжилттай, зоригтой, аз хийморьтой, бусдыг манлайлсан сар байх болно. Шинэ сар загасны ордод гарснаар танд сурч мэдэх, итгэл үнэмшлийг бадраах болно. Энэ үед шинэ бизнес эхлүүлэх, бизнесээ тэлэх, сургууль соёлд сурах, мэргэжлээ дээшлүүлэхэд нэн таатай. Нөгөөтээгүүр шинэ сар таны эргээд амьдралд итгэх итгэлийг сэргээж өгнө. Харин Буд гарагийн урагшлах хөдөлгөөн бусдад сурсан мэдсэн зүйлээ заах, чиглүүлэх боломжоор хангах болно. Тэгвэл Нар эл үед таны карьерын байршилд байрших ба мэлхийн ордныхны хувьд хэнийг ч өөрийн араас дагуулалгүй, ажилдаа үнэнч, өөрийн чаддаг зүйлээрээ бусдад үнэлэгдэх боломжийг олгож байна. Түүнчлэн Сугар гараг шилжилт хөдөлгөөн хийснээр таныг хүрээлэлдээ нэр хүндтэй, манлайлагч гэдгийг бататгаж өгөх болно.


Арслан

Гуравдугаар сарын сүүл үед Нар хонины орд руу шилжиж, Буд гараг урагшлах хөдөлгөөн хийж буй нь арслангийн ордныхны хувьд оюун санаа, сэтгэл санаанд хуримтлагдаад байсан саад, бэрхшээлийг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс энэ сар бүхэлдээ айдсаа даван туулсан, урам зориг орж, эрэл хайгуул хийж, юмыг ойлгож, ухаарсан, зоригтой алхмуудыг хийсэн сар байх болно. Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Ангараг гараг шилжилт хөдөлгөөн хийх бөгөөд энэ нь бусдад зааж сургах, зөв жимийг нь гаргаж өгөхөд тус болсон явдлуудаар дүүрэн байх төлөвтэй. Нөгөөтээгүүр бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн, тус болсон, ямар нэгэн нөлөө үзүүлсэн сар байх болно. Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр шинэ сар хонины ордод гарснаар хэтийн төлөвлөгөө, зорилго тэмүүлэл, амьдралд хандах хандлага зэргийг тодорхойлж, шинэ эхлэлийг тавихад тохиромжтой үе тохиож байна.


Охин

Дөрөвдүгээр сар охины ордныхны хувьд аливаа харилцаан дээр тулгамдаад байсан саадуудыг ангижруулсан эерэг сар байх болно. Энэ үед амьдралдаа шинэ харилцаа татаж, зоригтой алхмуудыг хийхэд таатай. Нөгөөтээгүүр Нар хонины орд руу шилжилт хөдөлгөөнийг хийж буй нь таныг илүү зоригтой, шийдэмгий, бодол санааны хувьд хүчтэй, өөрийгөө ялан дийлсэн алхмуудаар дүүрэн байлгах болно. Түүнчлэн Сугар гарагийн шилжилт хөдөлгөөн нь таныг сурч мэдэх, аливаа зүйлд хандах хандлага, хайр сэтгэл, харилцаа холбоонд эерэг нөлөөг татах боломжоор хангаж байна. Тиймээс дөрөвдүгээр сард охины ордныхон өөртэйгөө ажиллаж, сэтгэлзүйн асуудлуудаа шийдвэрлэж, өөрийгөө эдгээхэд илүүтэй анхаарах нь шаардлагатай.


Жинлүүр

Жинлүүрийн ордныхны хувьд дөрөвдүгээр сард эрүүл мэнд бол тулгамдаад буй асуудлууддаа илүүтэй анхаарал хандуулахыг шаардаж байна. Шинэ сар аливаа зүйлийг гэрэлтүүлж, ухааруулж, ойлгуулдаг тул энэ боломжийг ашиглан өөрт тулгамдаад байсан асуудлуудыг зөв олж харж, түүнтэйгээ нүүр тулах, зорилгынхоо араас тэмүүлэх боломжоор хангана. Тиймээс энэ үед аливаа зүйлд хөнгөн хуймгаа хандалгүй, илүү нухацтай хандахыг анхааруулж байна. Харин Сугар гараг үхрийн ордод байршсанаар танд илүү таатай нөлөө үзүүлж эхэлнэ. Тухайлбал санхүүгийн байр байдал идэвхжиж, бусадтай харилцах харилцаа таатай болж, гэр бүлийн хүн сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх гээд олон эерэг өөрчлөлтүүд гарах болно.


Хилэнц

Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Ангараг гараг хонины орд руу шилжилт хөдөлгөөн хийж буй нь таныг ажил дээр тулгамдаад буй асуудлуудтай нүүр тулах, эрүүл мэнддээ анхаарах ёстой гэдгийг ойлгуулах болно. Харин Сугар гараг таны харилцаа холбоо дээр байршсанаар танд эерэг өөрчлөлтүүдийг татаж байна. Ганц бие хилэнцийн ордныхон зөв хүнтэйгээ учрах бол гэр бүлтэй хүмүүсийн харилцаа илүү таатай, бат бөх болох болно. Нөгөөтээгүүр Нар хонины ордод байршиж буй нь маш завгүй, олон ажил давхацсан үе тохиож байна. Тиймээс энэ үед ажил, амралтаа зөв зохицуулах шаардлагатай. Мөн энэ үед өмнө нь үүсээд байсан бүхий л үл ойлголцол зэрэг шийдвэрлэгдэж, таатай болох болно.


Нум

Нумын ордныхны хувьд ирж буй шинэ сар ажил төрөл, гэр бүлийн амьдрал, орон байр зэрэг асуудлуудыг эергээр шийдвэрлэх сар тохиож байна. Гуравдугаар сарын сүүл үед Нар хонины ордод байрших бөгөөд энэ өөрчлөлт нь таны үр хүүхэд, бүтээлч байдал, зорилго, амьдралд хандах хандлага зэрэгт эерэг энергиэ цацруулан өгч байна. Энэ үеэр та эрүүл мэндээ анхаарч, зөв амьдралын хэв маягт шилжих шаардлагатай. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Буд гараг хонины орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр та хийж буй ажлуудаа олон нийтэд танилцуулж, түүнээсээ үр шим хүртэх болно. Мөн энэ үед гэр бүлийн амьдралаа зөв тийш нь залж, гэр бүлдээ цаг зав зарцуулж, илүүтэй анхаарал хандуулахыг зөвлөж байна.


Матар

Дөрөвдүгээр сар матрын ордныхны хувьд зөв бодол, шийдлүүдээр дүүрэн сар байх болно. Эдгээр зөв шийдлүүдээ ажил хэрэг болгох шаардлагатай. Нар байршлаа сольж, хонины ордод байршсанаар та илүү их төлөвлөгөө гаргаж, санаж бодож явдаг зүйлээ ажил хэрэг болгох үе тохиож байна. Мөн энэ сар гэр бүлийн харилцаан дээрээ анхаарал хандуулж, хэрүүл маргаан, үл ойлголцол үүсгэхээс зайлсхийж, орон байраа засах, шинэчлэхэд нэн тохиромжтой. 14-ний өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийснээр санхүүгийн байр байдал тань тогтворжиж, аливаа зүйлд хөрөнгө оруулалт хийхэд нэн таатай. Мөн ажил, бизнес дээр үүсээд байсан бүхий л саад бэрхшээлүүд эерэг өөрчлөлтийг татсанаар энэ сар өндөрлөж байна.


Хумх

Хумхын ордныхны хувьд дөрөвдүгээр сар таны санхүүгийн байр байдал, хувийн бизнес, ажил төрөлд тань нэн таатай сар байх болно. Сугар гараг шилжилт хөдөлгөөн хийснээр таны хосын харилцаа, гэр бүлийн амьдралд эерэг нөлөө үзүүлж, харилцаа батжиж, бүхий л үл ойлголцлууд шийдвэрлэгдэнэ. Энэ үеэр хумхын ордныхон илүү тав тух, амар амгаланг мэдэрч, бүхий л саад бэрхшээлийг даван туулах болно. Харин дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Ангараг гараг хонины ордод байршсанаар та ойрын хүмүүстэйгээ харилцах харилцаан дээрээ илүүтэй анхаарал хандуулах шаардлагатай тул хий дэмий зүйлээс болж үл ойлголцох, маргалдахаас зайлсхийгээрэй.


Загас

Дөрөвдүгээр сард аливаа зүйлийг ямар ч айдасгүй эхлүүлэх, тулгарах саад бэрхшээлийг үл тоон шинэ ажлыг эхлүүлэхэд нэн таатай. Тиймээс энэ үед өөрийгөө шинээр нээх, шинээр таньж мэдэх, өөрийгөө шинэчлэх боломжийг энэ үе танд олгох болно. Харин гуравдугаар сарын сүүл үеэс дөрөвдүгээр сарын сүүл үе хүртэл Нар таны ордны санхүүгийн байршил дээр байршиж байгаа тул таны санхүүгийн бүхий л асуудал шийдвэрлэгдэх хэдий ч тооцоолоогүй зардал гаргахаас зайлсхийгээрэй. Эл гарч буй шинэ сар таны ирээдүйн нэг жилийг тодорхойлох ба юу эхлүүлмээр байна, юу хиймээр байна гэдгээ шийдсэн, үр шимээ өгсөн, эерэг өөрчлөлтийг өгсөн сар байх болно.


Энэ сарын онцлох өдрүүд:

Дөрөвдүгээр сарын 9 - Ангараг гараг хонины орд руу шилжилт хөдөлгөөн хийнэ.

Дөрөвдүгээр сарын 14 - Буд гараг хонины орд руу урагшлах хөдөлгөөн хийнэ.

Дөрөвдүгээр сарын 17 - Шинэ сар хонины ордод гарна.

Ц. Усанболор

2026-03-31, 18:17