Виржил Абло "живж" буй тавилгын цуглуулга танилцууллаа

Байгаль орчны асуудлыг хөндсөн энэхүү цуглуулга Венецийн биенналын үеэр дэлгэгдэнэ

Дизайнер Виржил Абло Венецийн биенналын хүрээнд "Acqua Alta" нэртэй тавилгын цуглуулга урласан байна. Төрөл бүрийн сандал, гэрэл зэрэг эд зүйлсээс бүрдсэн энэхүү тавилгын цуглуулга нь Венецийн үер усны аюулд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор бүтээгджээ. Тавилгууд Италийн Пиза цамхаг шиг бага зэрэг хазайсан хэлбэртэй бөгөөд яг л живж байгаа мэт харагдана.

Виржил Абло энэ цуглуулгын талаар "Энэ дэлхийг бид эзэмшдэггүй. Бид бол зөвхөн экосистемийн л нэг хэсэг. Цаг уурын өөрчлөлтөд улам бүр анхаарал хандуулах болсон энэ үед дизайн нь уг мессежийг илүү өргөн хүрээнд түгээж өгөх хүчирхэг хэрэгсэл болж байна. Хүн бүр л сандлыг ойлгож чадна шүү дээ" гэж хэлжээ.

Виржил Аблогийн тавилгын цуглуулга өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 24 хүртэл Венецийн Giorgio Franchetti alla Ca' d'Oro нэртэй галерейд, мөн зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 22 хүртэл Чикагогийн орчин үеийн урлагийн музейд дэлгэгдэх болно.

"Acqua Alta" нь түүний анхны интерьерийн цуглуулга биш юм. Тэрээр 2016 онд Art Basel Miami үзэсгэлэнд өөрийн гэсэн тавилгын цуглуулгаа танилцуулж, IKEA брэндтэй хамтран гэр ахуйн цуглуулга урлаж байсан удаатай. Сонирхуулахад өнөө цагийн хамгийн алдартай дизайнеруудын нэг болох Виржил Абло Иллиной мужийн технологийн их сургуульд архитектурын мэргэжлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсан билээ.

Buro.Mongolia

2019-05-08, 15:00