Америкийн кино найруулагчдын холбооны шагнал гардуулах ёслол: Ялагчид ба зочид

Өнгөрсөн оны шилдэг кино, цуврал ба сурталчилгаануудыг бүтээсэн найруулагчид шагнал хүртлээ

Өчигдөр Лос-Анжелес хотноо Directors Guild of America буюу Америкийн кино найруулагчдын холбооны 71 дэх удаагийн шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Салбар, салбарын шилдэг найруулагчдыг тодруулдаг энэхүү нэр хүндтэй ёслолын гол шагналыг Альфонсо Куарон "Roma" киногоороо хүртсэн байна.

Ингэснээр тэрээр энэ жилийн Оскарын наадмын ялагч болоход нэг алхмаар ойртож байгаа юм. Мөн тэрбээр уржигдар "Roma" бүтээлээрээ Испанийн Гойя кино наадмаас "испани хэл дээрх шилдэг гадаад кино" шагналыг хүртсэн байгаа. Өмнө нь Куарон энэхүү киногоороо Алтан Бөмбөрцөг болон Каннын кино наадмын гол шагналуудыг хүртсэн билээ.

Directors Guild of America ёслолын шилдэг шинэ найруулагчдын номинацид Брэдли Купер, Бо Бернэм, Карлос Лопез Эстрада, Мэттью Хайнеман, Бутс Райли нар нэр дэвшсэнээс Бернэм "Eighth Grade" киногоороо ялалт байгуулжээ. Харин одоо наадмын бусад ялагчдыг харцгаая.

Утга уянгын цувралын шилдэг найруулагч
Адам МакКей, "Succession" цуврал, "Celebration" анги
Инээдмийн цувралын шилдэг найруулагч
Билл Хэйдер, "Barry" цуврал, "Make Your Mark" анги
Мини цувралын шилдэг найруулагч
Бен Стиллер, "Escape at Dannemora"
Баримтат киноны шилдэг найруулагч
Тим Уордл, "Three Identical Strangers"
Сурталчилгааны шилдэг найруулагч
Спайк Жонз, "Welcome Home"

Шилдэг найруулагчдыг хүндэтгэхээр ёслолын арга хэмжээнд Хеллен Миррен, Сара Полсон, Констанс Ву, Саша Барон Коэн, Айла Фишер болон бусад олон алдартнууд хүрэлцэн иржээ.

Buro.Mongolia

2019-02-04, 12:00

  • Зураг: