Jo Malone London x Paul бэйкери: Үнэр, амтны гайхамшгийг хослуулсан арга хэмжээг дотроос нь харцгаая

Afternoon Tea Party

Өнгөрсөн баасан гарагт Францын нэрт талх нарийн боовны Paul бэйкери болон Британийн тансаг зэрэглэлийн үнэртний брэнд Jo Malone London нар хамтран afternoon tea буюу үдээс хойших цайны соёлыг Монголын хэрэглэгчдэд таниулах зорилготой нэгэн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Afternoon tea гэдэг нь цай уух төдий энгийн үйлдэл бус, тухайн цаг үеийн нийгмийн соёл, гоо зүйн хандлага, харилцааны хэв маягийг илтгэсэн чухал уламжлал юм. Энэхүү соёлын эхлэл нь 1840-өөд онд Британийн язгууртны хүрээлэлд хамаарах Анна Рассел хэмээх гүнгийн ахайтны нэртэй холбогддог. Тэрээр өдөр болон оройн хоолны завсарт багахан цай, амттанаар өөрийгөө дайлж эхэлсэн нь удалгүй язгууртнуудын дунд танигдаж, улмаар Их Британийн соёлын салшгүй хэсэг болон хөгжсөн түүхтэй.

Арга хэмжээ яг 16:00 цагт эхэлж, хотын төвд орших Central Tower-ын нэгдүгээр давхарт байрлах Paul бейкери тухайн өдрийн хамгийн дулаан, сонирхол татам орон зай болон хувирсан байв. Үүдээр ормогц зочдыг Jo Malone London брэндийн нэрийн хуудас болсон үнэртэй усны хайрцгийг санагдуулам, минимал хэв загвар бүхий цагаан хана угтан авсан нь тухайн брэндийн гоёмсог, цэмцгэр ертөнцөд хөл тавьж буй мэт мэдрэмж төрүүлж байлаа. Ийнхүү хүрэлцэн ирсэн зочдыг Paul бейкеригийн "дүрэмт хувцсаар" жигдэрсэн эелдэг залуус оргилуун дарс, хөнгөн зуушаар угтан авч, тэдэнд орчинтойгоо танилцах, нетворкинг хийх, тусгайлан зассан хэсэгт зургаа даруулах боломжийг олгож байв.

Арга хэмжээний албан ёсны нээлтийг Central телевизийн гүйцэтгэх захирал, жүжигчин Г.Анхбаяр хөтлөн явуулсан бөгөөд тэрээр Jo Malone London брэнд нь саяхан Монголд албан ёсны эрхтэйгээр нэвтэрсэн тухай онцлоод, мөн Premier Food & Beverage компани Францын 130 жилийн түүхтэй Paul бейкериг энэ зургаадугаар сарын 7-ны өдөр Монголд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэхээр зорин ажиллаж буйг хуваалцсан нь арга хэмжээний ач холбогдлыг улам бүр тодотгож өгөв. Үүний дараагаар Estée Lauder компанийн төлөөлөл болох брэнд хариуцсан захирал Элена Таратюта, маркетингийн менежер Ольга Трошина нар үг хэлж, Jo Malone London-ы философи, үнэ цэнэ болон үнэрийн урлагийг Монголын хэрэглэгчдэд таниулж буй явдлыг онцлон ярьсан юм. Мөн арга хэмжээний дараагийн чухал хэсэг бол Paul брэндийн тун удахгүй худалдаанд гаргах гэж буй 13 нэр төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэх High Tea Set-ийг танилцуулсан явдал байв. Уламжлалт ба орчин үеийн амт, загварыг хослуулсан энэхүү сет нь зочдын анхаарлыг ихээхэн татаж, арга хэмжээний бас нэгэн чимэг болсон юм.

Мэдээж энэхүү үдшийг жазз хөгжмийн уянгалаг аяз, сонирхолтой DJ сетүүд, амтлаг коктейлүүд, халуун дулаан уур амьсгалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Арга хэмжээний онцлох зочноор олон улсын нэр хүндтэй саксофонч, хөгжмийн зохиолч, удирдаач Андреас Маринелло хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр өөрийн төгс хөгжимлөг аялгуугаар орчныг бүрэн эзэмдэж чадсан юм. Түүнчлэн Jo Malone London брэндийн сүрчгүүд нь зөвхөн нэг төрлийн тэргүүлэгч үнэр агуулдаг гэдгээрээ алдартай бөгөөд байгалийн гаралтай тансаг, чанартай орцуудаас бүтдэг билээ. Үүнтэй холбогдуулан тэд арга хэмжээний уур амьсгалыг улам баяжуулахын тулд Jo Malone London-ы нэрийн хуудас болсон English Pear & Freesia, Earl Grey & Cucumber, Lime Basil & Mandarin, Wild Bluebell гэсэн дөрвөн төрлийн онцлог үнэртэй уснаас сэдэвлэн бүтээсэн тусгай коктейлүүдийг санал болгож, үнэр, амтыг шинэлэг байдлаар хослуулсан өвөрмөц туршлагыг зочдод бэлэглэв.

Тансаг үнэр, нарийн амтыг нэгэн оройд уусган нэгтгэсэн энэхүү арга хэмжээ нь хүрэлцэн ирсэн зочдод баяр баясал, гоёмсог мэдрэмж, сайхан дурсамж бэлэглэсэн нь гарцаагүй болов уу. 

Jo Malone London брэндийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэхүү нийтлэлийг уншаарай.


Jo Malone London

Хаяг: Шангри-Ла Молл, 1-р давхар

Facebook: Premier Beauty

Instagram: @premierbeauty.official

Э.Цовоо

2025-06-02, 17:58