Хамтдаа хоол хийцгээе: Меган Маркл хоолны ном гаргалаа

Сайн үйлсийн төлөө

Есдүгээр сарын 20-ны өдөр Сассексын гүнгийн авхай Меган Маркл "Together: Our Community Cookbook" нэртэй хоолны ном гаргалаа. Энэ бол түүний хааны гэр бүлийн гишүүний дүрээр хэрэгжүүлсэн анхны сайн үйлсийн төсөл юм. Номын нээлтийн үйл ажиллагаа Кенсингтоны ордонд зохиогдсон бөгөөд арга хэмжээнд Меганы ээж Дория Рэгленд Лос-Анжелесаас зорин ирж оролцсон байна.



Энэхүү номонд Hubb Community Kitchen нэртэй нийгэмлэгийн боловсруулсан хоолны жорууд орсон бөгөөд номын борлуулалтаас олсон бүх хөрөнгө Лондонгийн Гренфелл тауэрт гарсан галд өртсөн хүмүүсийн дэмжлэг, эмчилгээнд зориулагдах гэнэ.

Кенсингтоны ордны төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар Маркл энэ оны нэгдүгээр сараас эхлэн галд өртсөн хүмүүсээс бүрдэх Hubb Community Kitchen нийгэмлэгтэй хамтран ажилласан байна. "Би шууд л энэхүү нийгэмлэг ба эдгээр хүмүүстэй ойлголцож, холбогдож чадсан. Энд бүсгүйчүүд инээж, гуниглаж, заримдаа уйлж сэтгэлээ онгойлгохын хажуугаар хамтдаа маш амттай хоол хийцгээдэг" хэмээн Меган Маркл хэлсэн юм.

Buro.Mongolia

2018-09-21, 18:00