Эрүүл амьдралын хэв маягаараа тэргүүлэгч 5 улсын өглөөний цайг сонирхохуй

Өглөөний цайны соёл

2025 онд World Population Review судалгааны байгууллага Bloomberg Global Health Index-ийн мэдээлэлд тулгуурлан дэлхийн хамгийн эрүүл орнуудын жагсаалтыг нийтэлжээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа хүний дундаж наслалт, цэвэр усны хүртээмж, таргалалтын түвшин, хорт зуршлын тархалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан боловсруулжээ. Үр дүнд нь хамгийн эрүүл орны эхний аравт Ази болон Хойд Европын улс орнууд голцуу багтсан үзүүлэлт гарч үүнтэй холбогдуулан биохимич, хоол зүйч, сэтгэл судлаач Анна Дивинскаягийн дэлхийн хамгийн эрүүл таван орны өглөөний цайны соёл, тэдний өглөөний хоол үнэхээр эрүүл мэндэд тустай юу гэдэг асуултад хариулсан судалгааг хүргэе.


Сингапур

Сингапурт өглөөний цайг заавал өөртөө зориулдаг уламжлалтай. Ихэвчлэн шөлөндөө гоймон чанаж иддэг ба ногоогоор баяжуулж, бага зэрэг амтлагч нэмж өгдөг. Мөн Сингапурчууд жигнэсэн будааны бялуу, зөөлөн бин, кокосын сүүнд агшаасан будаа буюу Наси Лемак идэх дуртай.

Давуу талууд:

  • Өглөөний уураг (мах, өндөг, уурагтай шөл) нь цусан дахь сахрын түвшнийг тогтворжуулж, удаан хугацаанд цадсан мэдрэмж төрүүлж, шийр зугаа идэх хүслийг бууруулж өгдөг.
  • Хүнсний ногооны нэмэлт нь эслэг, антиоксидант болон фитонутриентийн эх үүсвэр болдог.
  • Кокосын сүү нь тосонд уусдаг A, D, E, K витаминуудын шимэгдэлтийг сайжруулдаг тосны хүчлүүдийг агуулдаг.

Сул талууд:

  • Шөл болон соусанд агуулагдах илүүдэл давс нь цусны даралтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
  • Өглөө хэт их хэмжээгээр хооллох нь удаан хоол боловсруулдаг, хоол боловсруулах замын архаг эмгэгтэй хүмүүст тохиромжгүй. Учир нь хоолны дараа хүнд оргих, ядрах шинж илэрч болзошгүй.

Япон

Японд будаа нь онцгой байр суурь эзэлдэг бөгөөд өглөөний цайны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг билээ. Ихэвчлэн будааг агшаасан хэлбэрээр эсвэл будааны зутан байдлаар иддэг ба будаатай хамт мисо шөл, натто (квасалсан шар буурцаг) идэх нь түгээмэл. Мөн уламжлалт япон өглөөний цайнд ихэвчлэн загас, япон даршилсан өргөст хэмх болон түүхий өндөг зэрэг багтдаг.

Давуу талууд:

  • Макро ба микро шимт бодисын тэнцвэртэй байдал буюу нүүрс ус (будаа), уураг (загас, буурцаг, өндөг), пробиотик (мисо, натто), омега-3 тосны хүчил агуулдаг.
  • Исгэсэн бүтээгдэхүүнүүд нь гэдэсний бичил биетний тэнцвэрийг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулдаг.

Сул талууд:

  • Мисо шөл болон даршилсан хүнсэнд агуулагдах их хэмжээний давс нь даралт ихэсдэг хүмүүст эрсдэл дагуулна.
  • Түүхий өндөг нь сальмонеллёз буюу нянгаар үүсгэгддэг хоолны халдварын эх үүсвэр болох боломжтой тул болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Өмнөд Солонгос

Энгийн солонгос өглөөний цайнд будаа, кимчи, шөл болон төрөл бүрийн жижиг хачир багтдаг. Будаа, шөлтэй хоолны хажуугаар ширээн дээр намул буюу ногоотой хоол, омлет, кимчи зэрэг зайлшгүй байх ёстой уламжлал бий.

Давуу талууд:

  • Исгэсэн ногоо (кимчи) нь пробиотик, антиоксидант, C ба K витамин агуулдаг.
  • Хагас түүхий ногоон хачир болон шөл нь эслэг, эрдэс бодис, фитонутриент буюу ургамлын шим тул хоолны дэглэмийг баяжуулдаг.

Сул талууд:

  • Кимчи болон даршилсан хачир хэтрүүлэн хэрэглэвэл түүнд агуулагдах халуун чинжүүний нэмэлт амтлагч нь ходоодны хэвийн байдлыг хэт хүчиллэг болгох эрсдэлтэй.
  • Будааны өндөр гликемийн индекс нь хэрэв хоолонд уураг болон өөх тос дутмаг байвал цусан дахь сахрын түвшнийг хэлбэлзүүлэх магадлалтай.

Тайвань

Тайваний өглөөний цайг уургаар баялаг, илчлэг өндөр агаад боломжийн үнэтэй гэж тодорхойлж болно. Тайван хүмүүсийн өглөөний хоолонд ихэвчлэн бин эсвэл кунжут, өндөг, халуун ногоогоор амталсан талх заавал багтдаг. Үүнтэй хамт шар буурцгийн сүү уудаг бөгөөд энэ нь халуун, бүлээн, хүйтэн, чихэрлэг гээд янз бүрийн сонголттой байдаг. Тайваньчууд мөн төрөл бүрийн хачиртай будааны рулет идэх дуртай. Харин амттаны хувьд будааны гурилаар хийсэн зөөлөн амтлаг боорцог иддэг.

Давуу талууд:

  • Шар буурцгийн сүү нь ургамлын уураг болон изофлавон агуулдаг. Энэ нь дааврын тэнцвэрт байдалд эерэг нөлөө үзүүлдэг.
  • Өндөг болон үр тариа нь цатгалан мэдрэмж төрүүлж, биеийг макроэлементээр хангадаг.

Сул талууд:

  • Илчлэг болон өөх тосны бодисын солилцооны алдагдалд шарсан хоол, гахайн махны хэт их хэрэглээ муугаар нөлөөлж болзошгүй. 

Израиль

Израилд өглөөний хоолонд мах болон сүү зэрэг бүтээгдэхүүнийг нэг дор хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Өглөөний цайнд махыг огт хэрэглэдэггүй. Харин өндөг, бяслаг, тараг болон бусад сүүн бүтээгдэхүүн, салат, загас, уламжлалт еврей хоолны төрөл бүрийн нарийн боовыг иддэг. Жишээ нь өглөөний хоолонд шакшука буюу нүдэлж шарсан улаан лоольтой өндөг, хумус, салат болон сармистай кофег уудаг.

Давуу талууд:

  • Еврей хоол бол олон төрлийн ногоо, буурцаг, уураг агуулснаараа давуу талтай.
  • Малын гаралтай бүтээгдэхүүн өглөөний цайндаа хэрэглэдэггүй нь үрэвслийн өвчин үүсэх эрсдэлийг бууруулна.
  • Ханаагүй өөх тос бага байх нь судас болон тархины үйл ажиллагааг дэмждэг.

Сул талууд:

  • Нарийн боов ихээр хэрэглэх нь нүүрс ус ихээр агуулдаг тул биеийн жинд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.

Хоол зүйч Анна Дивинскаягийн онцолсноор үндэс үндэстний өглөөний цай нь тухайн орны соёл, уур амьсгал, уламжлалыг тусгасан байдаг бөгөөд төгс хувилбар гэж байх боломжгүй. Хамгийн гол нь биохимийн зарчмууд дээр тулгуурлах хэрэгтэй. Өглөөний цайнд уураг, ислэг, ашигтай өөх тос хэрэглэж, цусан дахь сахрын түвшнийг огцом өсгөхгүй байх шаардлагатай. Иймд олон орны хооллолтын уламжлал болсон хоол хүнсийг өөртөө тааруулан зохицуулж, тэнцвэрийг баримтлах нь чухал билээ.

Ц. Усанболор

2025-08-22, 19:19