Dior загварын ордон “Galeries Lafayette” худалдааны төвд зурхайн ордуудыг бэлгэдсэн агаарын бөмбөлөг хөөргөлөө

Мөн брэндийн 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээсэн байна

Dior загварын ордон 70 жилийн ойдоо зориулж "Galeries Lafayette" худалдааны төвд поп-ап дэлгүүр болон үзэсгэлэн нээлээ. Францын загварын ордны нээсэн энэхүү түр зуурын дэлгүүрт Dior-ын намрын ready-to-wear цуглуулгад нь багтсан 23 тусгай загварууд худалдаалагдах болно.

Мөн брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри "I Feel Blue" нэртэй, 12 тусгай загвараас бүрдсэн үзэсгэлэн нээсэн байна. Сонирхуулахад дизайнер Кристиан Диор тус загварын ордонг үүсгэн байгуулсан цагаас эхлэн хөх өнгө нь брэндийн сонгодог өнгөд тооцогдож ирсэн юм. Dior загварын ордон энэхүү онцгой үзэсгэлэнг нээлгэхээр загвар өмсөгч Наталья Водяноваг урьжээ.

"I Feel Blue" үзэсгэлэн 2017 оны аравдугаар сарын 10-н хүртэл үргэлжилнэ.

Түүнчлэн Dior "Galeries Lafayette" худалдааны төвийн шилэн дээвэр дор зурхайн ордуудын тэмдэгтэй, хөх өнгийн агаарын бөмбөлөг хөөргөсөн байна. "Хүмүүс хөгжилтэй зүйлсэд дуртай байдаг шүү дээ. Заримдаа загвар хэт нухацтай зүйл мэт санагддаг. Гэхдээ загвар бол бусадтай хуваалцаж болдог тааламжтай зүйл юм. Дашрамд хэлэхэд би Кристиан Диортой адилхан бумбын ордонд төрсөн" гэж Мария Грация Кьюри ярьжээ.

Buro.Mongolia

2017-09-21, 10:00

  • Зураг: