Эрчүүдэд ямар хүнс хэрэгтэй вэ?

Мэргэжилтнээс тодруулъя

Эрүүл, тэнцвэртэй хооллолт нь эрүүл байх үндсэн суурь болдог. Хоол хүнсэнд уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдэс бодис болон эслэг хангалттай байх ёстой. Гэхдээ эрэгтэйчүүдийн хэрэгцээ эмэгтэйчүүдийнхээс ялгаатай байж болох уу? Тэдний биед онцгой хэрэгцээтэй хүнс гэж тусдаа байдаг уу? Энэ талаар хоол тэжээлийн мэргэжилтэн Юлия Хлоповагаас тодруулъя.


Эрчүүдийн хооллолтын онцлог

Эрэгтэйчүүдийн биеийн булчингийн масс эмэгтэйчүүдийнхээс их учир тэд илүү хурдан энергиэ шатаадаг. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хоол зөвхөн ханасан өөх тос болон ханаагүй өөх тосны тэнцвэрт байдлаар ялгардаг гэж тайлбарлаж болно.

Ханасан өөх тосод мах, сүүн бүтээгдэхүүн, өндөг, дал модны болон кокосын тос багтдаг бол ханаагүй өөх тосны хүнсний бүтээгдэхүүнд загас, ургамлын тос, самар, үр, авокадо багтдаг.

Эрэгтэйчүүд өдөр бүр мах идэх ёстой гэсэн өрөөсгөл ойлголт түгээмэл байдаг. Эмэгтэйчүүд төмрийн дутагдалд орж байх үед эрэгтэйчүүд төмрийн илүүдэлд өртөж байдаг талаар судалгаа ч бий. Европын хүнсний аюулгүй байдлын газрын мэдээлснээр 30-аас дээш насны эрэгтэйчүүдийн цусанд төмрийн хэмжээ ихэссэн байх нь элбэг бөгөөд энэ нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс өдөр бүр стейк, шарсан мах, зайдас гэх мэт маран төрлийн хоол идэх нь эрч хүчийг нэмэгдүүлэхээс илүүтэй эрүүл мэндэд эрсдэл үүсгэх нэгэн шалтгаан болдог байна. Үүнтэй холбогдуулан эрэгтэйчүүд төмрийн түвшнийг хянаж, байх ёстой хэмжээнээс хэтрүүлэхгүй байх нь нэн чухал ба нөгөөтээгүүр дараах хооллолтоос хэрэгцээтэй бүхий л амин дэм эрдсээ тэнцвэртэй нөхөх боломжтой. 

Эрэгтэйчүүд ямар хүнсэнд анхаарал хандуулах вэ?

Цайр, магни – энэ бол эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, улаан мах (их биш), үхрийн элэг, самар, буурцаг, бүхэл үр зэргийг хангалттай хэрэглэхгүй бол тестостерон дааврын түвшин буурч, булчингийн ажиллагаа муудаж, улмаар энерги ялгаруулах үүрэгтэй эсийн доторх митохондри “залхуурч” эхлэх үед эсүүд хангалттай энерги авч чадахгүй хэмжээнд хүрдэг. Үүний үр дүнд ядарч, сульдаж, ой тогтоолт муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Уураг – булчингийн болон гэдэсний эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Загас, өндөг, буурцаг, сүүн бүтээгдэхүүн нь уураг болон эсгэлээр баялаг байдаг. Түүнчлэн буурцагт ургамал гэдэсний үрэвслээс сэргийлж, эрүүл бичил биетийг дэмждэг.

Өөх тос - оливын тос, самар, үр, загас, авакадо зэрэг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Харин цөсний хүчил нь хоол боловсруулах үйл явцыг “тослох” үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Европын хүнсний аюулгүй байдлын газрын сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэйчүүдэд ханаагүй хүчил, омега 3 хэрэгтэйг судалгаагаар баталжээ. Харин өөр төрлийн өөх тосыг бага хэмжээгээр хэрэглэх зохилтой.

Нүүрс ус – хүмүүс булчинг зөвхөн уургийн тусламжтай өсдөг гэж боддог. Гэвч бодит байдал дээр булчингийн өсөлт нь гипертрофийн процессоос хамаардаг бөгөөд үүнд гликоген буюу нүүрс ус чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бүхэл үр, овьёос, жимс, ногоо зэрэг нүүрс усны эх үүсвэрийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх нь чухал.

Ц. Усанболор

2025-10-09, 13:47